sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Ирэх онд Өмнөд Солонгост байрлуулах баллистик пуужин эсэргүүцэх “THAAD” системд ОХУ болон БНХАУ цохилт өгөх оролдлого хийвэл БНСУ эдгээр орны пуужингуудыг устгана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин-гү “Ёнхап” агентлагт  ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
 
Хятад болон Орос бидэн рүү пуужин харвах аваас тэдгээрийг бид “THAAD” системээр устгана гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр хэлэхдээ, “THAAD” системийг Өмнөд Солонгост байрлуулах болсон нь Умард Солонгосын пуужингуудаас өөрийгөө хамгаалах зорилготой бөгөөд бусад орны аюулгүй байдалд заналхийлээгүй" гэлээ.
 
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам энэ асуудалтай холбогдуулан “THAAD” системийг Өмнөд Солонгост байрлуулах нь тус бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг дэвэргэж, Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд саад болж болзошгүй" гэж анхааруулав.
 
Ийм шийдвэр нь аюултай үр дагаварт хүргэж магадгүйг ОХУ анхааруулж байна гэж яам мэдэгдэлдээ онцлоод “энэ алхам нь АНУ-ын пуужингийн хамгаалалтын Ази-Номхон далайн дахь сегментийг бий болгож, тус бүс нутаг дахь одоогийн стратегийн тэнцвэрт байдлыг алдагдуулна" гэж мэдэгдсэн байна.
Мөн БНХАУ уг шийдвэртэй холбогдуулан "энэ алхам нь БНХАУ-ын стратегийн аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлнө" гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг