sonin.mn
МОСУЛ. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракт байрлаж буй Америкийн  цэргүүд рүү химийн бодисоор цэнэглэсэн пуужин харвасан байж магадгүй гэж АНУ-ын цэргийн командлал мэдэгджээ.
 
Мосул хотын ойролцоох "Каяара" гэдэг агаарын цэргийн бааз дахь Америкийн цэргүүдийн байрлалаас хэдхэн зуун метрийн зайд туссан пуужинг "гичийн хий" гэдэг химийн бодисоор цэнэглэсэн байх магадлалтай ажээ. 
 
“9 дүгээр сарын 20-нд Иракийн цагаар үд дунд Каяара дахь Иракийн агаарын бааз халдлагад өртсөн” гэж Пентагон мэдэгдэлдээ дурдсан байна. Ирак дахь курдын дайчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн 20 гаруй тохиолдлыг баримтжуулсан байдаг бөгөөд эдгээр тохиолдлын дөрөвний нэгт нь гичийн хий ашигласан байдаг. Уг хий нь арьс, нүд болон амьсгалын замыг гэмтээснээр хүнд гэмтэл учруулж улмаар амь насанд аюул учруулдаг.
 
Халдлагын үеэр амиа алдсан болон шархадсан тохиолдол гараагүй байна. Баазад байрлаж байгаа цэргүүд химийн довтолгооноос хамгаалах бэлтгэл сургуулилт хийсэн ажээ. Хэрэв химийн зэвсэг гэдэг нь батлагдвал энэ нь Ирак дахь эвслийн цэргийн хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэн үйлдсэн анхны халдлага болох юм. Өмнө нь, “Лалын  улс” бүлэглэл нь Ирак болон Сирийн хэд хэдэн бүс нутгийг захирч байх үедээ химийн зэвсэг үйлдвэрлэж, хэрэглэсэн гэж үздэг.
 
Иракийн хоёр дахь том хот болох Мосул нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ”Лалын улс”-ын хяналтад байгаа бөгөөд уг хотыг чөлөөлөх ажиллагаа ирэх долоо хоногт эхлэх төлөвтэй байна. АНУ-ын цэргүүд дайралтад бэлтгэхэд нь Иракийн армид тусалж байгаа юм.
 
 
Х.Сарнай
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг