sonin.mn
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн ХIII хороонд байрлах Шувуун фабрик орчмын албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудын санал бодлыг сонслоо.
 
Тус хорооны иргэдийн эрүүл мэнд, амар тайван амьдрахад тулгарч буй гол бэрхшээл нь хайрга, дайрга олборлосноос үүдэлтэй карьерийн нүхний асуудал байдаг. Оршин суугчдын тосгон руу карьер улам бүр ойртож буй нь аюул дагуулж байгааг хорооны иргэд удаа дараа илэрхийлсээр ирсэн. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж иргэдэд тулгамдаж буй уг асуудлаар ажлын хэсэг гаргаж шалгалт хийлгэсэн нь дуусах шатандаа явааг онцолсон. Шалгалтын дүнг холбогдох яам, тамгын газарт албан бичгээр хүргүүлж шийдвэрлэх юм байна. Тэрбээр ээлжит бус чуулганаар цалин хасахгүй, тэтгэврийн насыг нэмэхгүй, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор болсныг танилцуулсан юм.

ХIII хороо нь 4500 иргэн, 1400 гаруй өрхтэй. Нийслэлээс 37 километрт орших Шувуун фабрик орчмын иргэд өрхийн амьжиргаагаа мал аж ахуй, газар тариалан, гахай, тахианы аж ахуйгаар залгуулж байна. Сүүлийн үед уугуул иргэдээс гадна түр оршин суух хаягтай иргэд ирж ногоо тарьснаас бэлчээр хомсдож байгааг малчин иргэд онцолж байв. Мөн 21 тахианы аж ахуй ажиллуулж байснаас сүүлийн жилүүдэд хямралын улмаас татан буугдсаар одоо 11 нь үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Тахианы аж ахуй эрхлэгч иргэдийн хувьд сангас асгах газар олдохгүйгээс хүндрэл бэрхшээл тулгарч байгааг тойргийн гишүүндээ дуулгалаа. Түүнчлэн ХIII хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс “Концессийн гэрээгээр 240 хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн барилгын ажлыг эхлүүлсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод 60 хувьтай зогсчихсон. Цэцэрлэгийн насны 390 хүүхдээс 150 нь цэцэрлэгт хамрагдаж байна. Хорооны орон сууцнуудын цэвэр, бохирын шугам хуучирч элэгдэн аюултай байдалд хүрээд байна” гэв. 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж албан хаагчдын санал хүсэлтийг сонссоны дагуу ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө гаргах зорилготойг хэлсэн. Тэрбээр эдийн засгийн өнөөгийн байдал хүнд байгаа, ирэх жил ч амаргүй болох төлөвтэй байгааг мэдээлсэн юм. Учир нь гаднаас авсан өр, зээлийг төлж эхлэх учраас хоёр төгрөг тутмын нэгийг өрөнд өгөх тооцоо гарч байгааг тайлбарласан. Ахмадын хорооны дарга Н.Цагаан “120 дугаар цэргийн ангийн ахмадын орон сууцны цахилгааны төлбөрийг 2012 оноос хойш байгууллагын үнэлгээгээр төлж байна.
 
Сардаа 100 гаруй мянган төгрөгийг цахилгаанд төлж байгаа нь тэтгэврийн бидэнд хүндрэлтэй байна. Мөн 5А, Б гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгохгүй бол орой үдэш явган зорчигчдод бэрхшээлтэй байна” гэлээ. 

Хорооны дунд сургуульд 53 багш ажиллаж, 589 сурагч суралцаж байна. Тус сургуулийн хувьд спорт заланд сургалт явуулах боломжгүй байгаа учраас ирэх жилийн төсөвт хөрөнгө мөнгө тусгаж өгөхийг гишүүнээс хүсэв. Сургуулийн багш нарын дийлэнх нь хотоос ажилдаа явдаг аж. Тиймээс шинэ бүсэд газар олгож өгөхийг хүсч байлаа. Гишүүн тулгамдаж буй асуудлуудыг судалж, шийдвэрлэхийн төлөө ажиллахаа хэлсэн юм.