sonin.mn
Монголын Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй Удирдах зөвлөлийн бүрэн эрхий хугацаа 3 жил бөгөөд Хуульчдын анхдугаар их хурлаар батламжлагдан ажиллаж буй Зөвлөлийн 38 гишүүний бүрэн эрхийн хугацаа 2016 оны аравдугаар сард дуусгавар болж буй юм.
 
Мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргах, хуульчийн мэргэжил, ур чадварын талаар гаргасан гомдол маргааны хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Иймд Монголын Хуульчдын холбооноос ээлжит бус Их хурлаа аравдугаар сарын 14-нд хуралдуулахаар шийдвэрлэлээ.
 
 Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах, даргыг сонгох асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
 
Монголын Хуульчдын холбоонд 5405 хуульч бүртгэлтэй байгаагаас 4834 нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь Их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх юм.
 
Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 2016 оны 09 сарын 26-ны 22:00 цагийн хооронд, нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны 08:00 цагаас 2016 оны 09 сарын 29-ний 22:00 цагийн хооронд зохион байгуулна.
 
Монголын Хуульчдын холбооны эрхбарих дээд байгууллага нь Их хурал байдаг. Иймд гишүүд та бүхэн Их хурлын төлөөлөгч сонгох цахим сонгууль идэвхтэй оролцож, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ үү.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mnцахим хуудас болон 70116004 утсаар авна уу.