sonin.mn
Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санаачлан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар салбарын сайдтай хийх уулзалтыг өнөөдөр МҮЭСТО-нд зохион байгуулав.
 
Уулзалтыг нээж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн дарга Б.Мягмар хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын мянга мянган гишүүд, тэдний төлөөлөл ҮЭ-ийнхэн бид шат шатны хамтын ажилдаа хүрсэн түвшнээсээ ухрахгүйгээр ажиллах хүчнээ хөгжүүлж, хамгаалж, үнэлж хөгжлийн суурь, чиг баримжаагаа баталгаажуулж ажиллах зорилготой. Бид сайддаа “даалгавраа” өгнө. Өгсөн үүрэг даалгавраа цаг тухайд нь үнэлж, дэмжин ажиллах болно” гэв.
 
Уулзалтын үеэр тус холбооноос сайддаа хандан “Эрүүл мэндийн ажилчдын захиалга” баримт бичгийг гардуулан, эрүүл мэндийн салбарын гурван талт хамтын хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх болон салбарын хөгжлийн төлөөх зөвлөлдөх уулзалтыг улирал тутам зохион байгуулах санал гаргав.
 
 
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Миний бие Эрүүл мэндийн сайдаар томилогдоод 6 долоо хоногийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд салбарын хэмжээнд ахиц дэвшилтэй ажил хийхийг чармайлаа. Өөрийн бие, эрүүл мэндийг үл умартан хөдөө орон нутаг, нийслэлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүд, алслагдсан дүүргийн Өрхийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Хөдөө орон нутагт эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, тэнд ажиллаж буй эмч, ажилтнуудын нийгмийн хангамж, халамж үнэхээр хүнд байна.
 
Үүнийг зохицуулахын тулд яамд, Засгийн газар, Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж, тайлбарлаж ажиллах чухал. Эдийн засгийн хүндрэлтэй үед салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөл, оношилгоо, эмчилгээний технологийг хэрхэн сайжруулах гарцыг зөв олох хэрэгтэй. Олон талын бодлогын хүрээнд, хэрэгжүүлэх хүрээнд, бүр цаашилбал хувь хүний, эмч, сувилагч, асрагчдын мэргэн ухаанаас шалтгаалах олон зүйл бий” гэсэн юм.
 
Уулзалтад 21 аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, эмч, эмнэлгийн ажилтнууд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг