sonin.mn
Ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
 
Энэ тухай Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас тодруулахад, "Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа. Өнөөдрийн хэвлэлд гарсан  ипотекийн зээлийн журмын талаарх мэдээлэл нь Монголбанкны байр суурь биш  гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.
 
Өнөө өглөө зарим хэвлэлд гарсан мэдээлэлд, "Барилга, хот байгуулалтын яам, Монголбанктай хамтран ипотекийн зээл олголтын журамд өөрчлөлт оруулж, баталлаа" гэжээ. Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор илэрхийлээгүйг албаныхан хэлж байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг