sonin.mn
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай холдинг ХХК-ийн талаар мэдээлэл гарч байгаа тул дараах мэдэгдлийг хийж байна.
 
С.Батболд 1992 оноос Монгол Улсын томоохонд тооцогдох Алтай Трейдинг компанийг үүсгэн удирдаж байсан. Алтай трейдинг юмпани нь Бороогийн алтны ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулах нээлттэй сонгон шалгаруулалгад шалгарч, гадны хөрөнгө оруулагчтай хамтран уг төслийг хэрэгжүүлэх явцад хувьцаа эзэмшигч байсангаа тухай С.Батболд нэг бус удаа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байсан.
 
Төрийн албанд орохоос өмнө тэрээр Алтай Трейдинг компанийг төлөөлж "Бороо Гоулд" ХХК болон түүний толгой компани болох Бороо Монголиа Майнинг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2000 оны 8 сард Гадаад хэргийн дэд сайд болохоосоо өмнө тухайн компани болон бусад аж ахуйн нэгжүүд дэх албан тушаалаасаа татгалзсан болно.
 
С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө Монгол Улсын бүртгэлийн байгууллагуудад эдгээр компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд холбогдох мэдээллийг ил тодоор өгч байсан тул эдгээр мэдээллийг холбогдох байгууллагууд сайтар мэдэж байсан төдийгүй өнөөдөр ч мэдсээр байгаа.
 
Бороо гоулд нь 1998 оноос дийлэнх хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төсөл байсан бөгөөд 2007 оноос 100 хувь гадаадын херөнгө оруулалт бүхий компани болсон.
 
Зарим нэг хэвлэлд иш татсан Их Британийн Гардиан сонинд ч түүнийг төрийн албанд орохоосоо өмнө, бизнес эрхэлж байхдаа тус юмпанийн ТУЗ-ийн гишүүн байсан гэж дурьдсаныг орхин төрийн албан тушаалд байх үедээ байсан мэтээр гуйвуулж буйд харамсаж байна.
 
Дашрамд дурьдахад 1998 онд Бороо гоулд компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээг 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, шалгаж дүгнэхдээ тухайн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Бороо гоулд компани гэрээний заалт бүрийг мөрдөж ажилласан, аливаа илүү хөнгөлөлт эдлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
 
Тус дүгнэлтэд дурьдсанаар төслийн ТЭЗҮ-д Бороогийн алтны ордыг 9 жил ашиглахаар тусгасан байсныг 13 жил болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байдаг. Мөн компани нь Монгол улсын төсөвт төлбөл зохих татвар, хураамжийг төлсөн бөгөөд эдгээрийн нийт дүн 2004-2012 онд 254 тэрбум 453 сая төгрөг болсон ажээ. С.Батболд нь төрийн албанд орохоос даруй 2 жилийн өмнө тус гэрээ байгуулагдсаныг онцлох нь зүйтэй.
 
УИХ-ын гишүүн С.Батболд нь энэ төслийн үүх түүх, түүний удирдаж байсан аж ахуйн нэгжийн оролцооны талаар нэг бус удаа ярилцлага өгч, олон нийтэд ил тод нээлттэй байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ ч мөн өгч байсан. Одоо УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай Трейдинг компани нь Бороо гоулд төсөлтэй холбоотой аливаа нэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй, холбоотой үйл ажилагаа явуулдаггүй гэдгийг тэмдэглэе.
 
Хуулийн дагуу ил тод явагдсан үйл ажиллагааг нууцлаг, хууль бус мэтээр улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж байгаад харамсаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн зөв бодит мэдээг олон нийтэд хүргэнэ гэдэгт итгэж байна.
 
АЛТАЙ ХОИДИНГ ХХК
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр