sonin.mn
ТОКИО. /TASS/. Орос улстай газар нутгийн асуудлаар хийх хэлэлцээний үеэр тавих Японы талын хамгийн наад захын болзол бол Шикотан арал болон Хабомаи бүлэг арлуудыг Японд шилжүүлэн өгөх тухай асуудал байх болно гэж тус улсын Засгийн газар байр сууриа тодотголоо. Энэ тухай хамгийн олон уншигчтай “Ёмиури шинбун” сонинд бичжээ.
 
Түүнд бичсэнээр, засгийн газар “дөрвөн арлын харьяаллын тухай асуудлыг бүрэн шийдэхээс өмнө Оростой энхийн гэрээ байгуулах боломжийг судалж байгаа" аж.  Эдгээр асуудлыг Перу улсад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЭК/ Дээд хэмжээний уулзалт болон 12 дугаар сард В.Путины Японд хийх айлчлалын үеэр хэлэлцэх бололтой.
 
 “Ёмиури шинбун”-д бичсэнийг үзвэл, Японы талын үндсэн байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа аж. Харин энэ удаад Шикотан, Хабомаи хоёрыг шилжүүлэн өгсний дараа хэдэн арван жилийн турш яригдаж буй энхийн гэрээг байгуулах боломжтой эсэхийг судалж байгаа юм. Үүний дараа Японы тал хэлэлцээг үргэлжлүүлэх бодолтой байгаа ажээ. Хэлэлцээний явцад үлдсэн хоёр арал дээр эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулж, цаашдаа тэдгээрийг Японд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
 
Дэлхийн II дайн дууссаны дараа Курилийн бүх арал ЗХУ-ын мэдэлд шилжсэн юм. Харин Японы тал  Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи гэсэн дөрвөн арлыг өөрийн харьяаных хэмээн үзсээр иржээ.
 
1956 онд ЗХУ болон Японы хооронд дайны байдлыг зогсоох тухай тунхаглалд гарын үсэг зурсан боловч арлуудын талаарх маргааны улмаас өнөөг хүртэл энхийн гэрээг байгуулаагүй байгаа юм.   
 
Б.Адъяахүү 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг