sonin.mn
Шинэ Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ.Энэ удаад БСШУС-ын шинэ сайд Ж.Батсууриас дараах асуултад хариулт авлаа.
 
-Та ажлаа хүлээж аваад 2 сар болж байна. Ажлаа юунаас эхлэв. Ямар бодлого барьж ажиллах вэ?
 
-2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар ажилдаа ороод багагүй хугацааг үдлээ. Энэ хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Мөрийн хөтөлбөр 5 бүлэг, 300 гаруй заалттай. Мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарах арга хэмжээний талаар түлхүү тусгаж байгаа. Тус мөрийн хөтөлбөрт тусгасан гол зорилтын нэг  нь бүх шатны ЕБС, Сургуулийн өмнөх боловсрол, Их, дээд сургуулиудад сургалтын чанарыг сайжруулах явдал юм. Тиймээс сургалтын чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулж байна.
 
-Өмнөх сайд “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэх үү?
 
-Сургалтын хөтөлбөр олон улсын жишгийн дагуу явах ёстой. Чамин гоё нэр зүүхдээ бус  ЕБС-ийн 12 дугаар ангийн бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн хүүхэд дэлхийн аль ч орны их, дээд сургуульд суралцах боломжийг хангасан  хөтөлбөр боловсруулах ёстой. Үүнийг хэрэгжүүлэх арга  зам нь өөр өөр юм. Хөтөлбөрийн нэр нь чухал бус бид нэг зүйлийн төлөө л ажиллаж байгаагаараа онцлогтой. ЕБС-ийн үүрэг бол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх юм. Энэ дагуу Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 12 дугаар анги төгстөл хүүхдүүд үнэ төлбөргүй сурч байна. Харин хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиуд төлбөртэй байгаа. Энэ бол эцэг, эхчүүдийн сонголт.
 
-Тэгвэл та ямар хөтөлбөр барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?
 
-Боловсролын салбар олон жилийн туршлагатай. 6 наснаас эхлэн 12 жилийн боловсрол олгож байна. Дэлхийн ихэнх улс орнууд 12 жилийн боловсрол олгодог. Бүрэн дунд боловсрол олгоход ямар хичээлүүдийг ямар түвшинд судалсан байх вэ гэдэг олон улсын стандарт бий. Бидний үүрэг бол тэр стандартад ойртуулах, хүүхэд бүрт аль болох өндөр түвшинд мэдлэг олгох юм.  Өнөөдрийн байдлаар боловсролын хөтөлбөрийн хүрээнд төгс сурч байгаа хүүхдүүд цөөхөн байна. Тиймээс шаардлагаа өндөржүүлж, хүүхдүүдийг 50-иас дээш хувьтай сургахад анхаарч боловсролын хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж ажиллана. Тэр хөтөлбөрт гоё нэр өгснөөр өөрчлөгдөхгүй. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарынхан ЕБС-д эрүүл мэндийн хичээл оруулж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг.
 
Хүүхдүүдэд хэтэрхий ачаалал өгч, ядаргаанд оруулж болохгүй. Зарим сургууль хүүхдүүдэд багаас нь маш олон гадаад хэл зааж байна. Эцэг, эхчүүд үүнийг сайн сургууль гээд ойлгочихдог. Юун түрүүнд ЕБС-иуд монгол хэлийг маш сайн заах ёстой. Монгол хэлээ сайн сурсан хүүхэд хаана ч ажиллаж амьдрах, бусад шинжлэх ухааныг судлах хаалга нээгдэнэ. Дагавар хэл нь дэлхийн нийтийн ярьдаг англи хэл байх жишээтэй. Дараа нь хоёр хөршийн хэлийг ямар түвшинд, аль ангиас, хэдэн цагаар судлах вэ гэдгийг тогтооно. Үүнийг ганц яам, сайд  ганцаараа шийдэхгүй. Боловсролын хүрээлэн, байгууллагуудын судалгаа, тооцооллын үндсэн дээр шийднэ.
 
-Шинжлэх ухааны салбарыг төр орхигдуулчихлаа. Эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилан аливаа салбар хөгжих ёстой. Эрдэмтдийн мэдлэгийг ашиглахгүй байна гэсэн шүүмж бий. Энэ тухайд?
 
-Соёл, шинжлэх ухаан, спортын салбар орхигдоод байна гэж  хүмүүс ярьдаг. Улсын төсвөөс хуваарилж байгаа хөрөнгө нь хязгаарлагдмал  шүү дээ. Нөгөө талдаа хязгаарлагдмал мөнгөтэй ч  үр дүн гаргаж ажиллах нь тухайн хүний чадвараас шалтгаална. Төсвийн орлого бүрдэхгүй, эдийн засаг хүндрэлтэй байна. Тиймээс  энэ үед яаж сайн ажиллаж, илүү үр дүнд хүрэх вэ гэдэг асуудалтай нүүр тулна. Шинжлэх ухааны салбарт зарцуулах зардлыг нэмэхийг МАН-ын хөтөлбөрт тусгасан. Тиймээс цаашид шинжлэх ухааны судалгаа бүтээлийг үйлдвэрлэлд ашиглахад анхаарч ажиллана.
 
-Их, дээд сургуулиуд төлбөрөө  нэмэхгүй байхыг үүрэг болгосноор 2 хувиар нэмлээ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
 
-Өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн 16 их, дээд сургууль болон улсын хэмжээнд 100  их, дээд сургууль, коллеж  үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тухайд 900 мянгаас 2.8 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй байна. Дунджаар 1.8 сая төгрөгийн сургалтын төлбөртэй байлгахыг  төрийн их, дээд сургуулиудад үүрэг болгосон. Энэ жил төлбөрийг нэмэлгүй барьж чадсан.
 
-Оюутны тэтгэлгийг үргэлжлүүлэх үү?
 
-Их, дээд сургуулиудын үндэсний тэтгэлгийг энэ оны 12 сар дуустал үргэлжлүүлнэ. Их, дээд сургуулийн оюутнуудад үндэсний тэтгэлэгт тавих шаардлага хангасан тохиолдолд нэрийн дансанд нь мөнгийг  шилжүүлэх юм.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг