sonin.mn
“Ард иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай, цаг алдалгүй хүргэх яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй” хэмээн өнөөдөр ЭМЯ-нд эхэлсэн  “Монголын Яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган-2016” -ы үеэр онцлов.
 
Тус чуулганыг нийслэл хот болон орон нутгийн эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжилтнүүдэд хөгжингүй орнуудын эмнэлгийн хариу үзүүлэх тогтолцооны хөгжил дэвшил, туршлагатай танилцуулах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын Яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
 
Чуулганд Тайваний Тайпей Анагаахын сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Доржи Харнод, Far Eastern эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Сан Жен Тан, ЖАЙКА-гийн Анхан ба хоёрдугаар шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн ахлах зөвлөх Охара Хироши, Интермед эмнэлгийн гүйцэтгэх захирал ноён Рамсей Хасан, АНУ-ын Юта мужийн Анагаах ухааны сургуулийн эмнэлгийн профессор, олон улсын мэс заслын төвийн дарга Раймонд Р.Пряс нарын гадаадын багш, профессорууд илтгэл тавьж байна.
 
Монголын Яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Ө.Анхболд хэлэхдээ, “Яаралтай тусламж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс хамаарахаа болиод олон жил болж байгаа ч манай ард иргэдийн дунд өөрийн амь нас, эрүүл мэндийг бусдад даатгадаг уламжлал хадгалагдсан хэвээр байна. Нийслэл хотын хувьд хүн ам, шинээр хороод нэмэгдэж байгаа, хаягжилт, гэрэлтүүлэг муу, замын түгжрэл, жолооч нарын замын хөдөлгөөний соёл хангалтгүй, иргэдийн хувьд хугацаа алдаж дуудлага өгдөг, эрүүл мэндийн боловсрол дутмаг зэрэг хүндрэл бэрхшээл гарч байна.
 
Иймээс ард иргэд өөрсдөө эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх ёстой. Гадаад улс оронд хүүхэлдэйн киногоор дамжуулан яаралтай тусламжийн анхан шатны сургалт явуулдаг. Харин Монгол Улс сургалтын хөтөлбөрөөсөө эрүүл мэндийн боловсролын цагийг хассан учир маш эмгэнэлтэй. Сургууль төгсөгчид эрүүл мэндийн наад захын боловсролгүй төгсч байна. Яаралтай тусламжийн дуудлага ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд төвлөрөн, түүнээс  цааш бусад байгууллагад тардаг.
 
Шуурхай удирдлагын төв нь ЦЕГ-т, Аврах алба нь Шадар сайдын алба, ОБЕГ-т, эмнэлгүүд нь ЭМЯ болон дүүргүүдэд, Түргэн тусламжийн газар нь НЭМГ-т  гэхчлэн өөр өөр газарт харьяалагддаг. Тиймээс санхүүжилт нь өөр өөр газраас орж ирдэг учир нэг нэгнийхээ ачааллыг үүрэх дургүй, алдаагаа бие биедээ чихээд уялдаа холбоо муутай ажилладаг.  Тиймээс энэ чуулганаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахыг хүсч дуу хоолойгоо хүргэж байна” гэв.
 
Чуулганд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, анагаахын ухааны их, дээд сургуулиуд болон ОБЕГ, НОБГ, ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн яаралтай тусламжийн мэргэжилтэн, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.
 
Хоёр өдөр болох тус чуулган сургалт дадлага, семинар хэлбэрээр маргааш УНТЭ-ийн хурлын зааланд үргэлжилнэ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг