sonin.mn
БЭЭЖИН. /BBC/. Хятадад телевизийн нэгэн сэтгүүлч эмэгтэй нарны шил зүүж, нарнаас шүхэр барьсан байдалтайгаар зурагтаар гарсан нь түүнийг ажлаасаа халагдахад хүргэжээ.
 
Нэр нь үл мэдэгдэх нэгэн сэтгүүлч “Меранти” хар салхинд өртсөн Сямынь хотод гамшгийн хохирлыг арилгах ажилд тус нэмэр үзүүлэх зорилгоор тус хотын иргэдтэй ярилцлага хийж байх үедээ дээрх байдалтайгаар биеэ авч явж байгаа нь телевизээр гарсан байна.
 
Шуурганы улмаас овоорсон хог хаягдлыг цэвэрлэхэд тусалж байсан сайн дурынхнаас ярилцлага авч байсан түүний ингэж хувцасласан байдал нь бусдаас эрс ялгаатай харагдаж байжээ.
 
Сэтгүүлч эмэгтэйн энэ зураг нэлээд их шүүмжлэл дагуулсан бөгөөд түүнийг "мэргэжлийн бус үйлдэл хийсэн" гэж маш олон хүн шүүмжилсээр байна.
Сямынь хотын телевизээс гаргасан мэдэгдэлд “манай сэтгүүлчдийн нэг нь ёсзүйн алдаа гаргаж, сэтгүүлч хүний нэр хүндэд сэв суулгаж, олон нийтэд эвгүй бодол төрүүллээ” гэжээ.
 
Цаг уурчдын мэдээлснээр, “Меранти” хар салхи нь энэ онд тохиосон хар салхинуудаас хамгийн хүчтэй нь байсан бөгөөд Хятадад нэг хүн амиа алдсан бол Тайванд мөн нэг хүн амиа алджээ.
 
Хар салхи Хятадын эх газрын Фүжиан мужийг нэлээд хүчтэй дайрч өнгөрсөн байна.
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг