sonin.mn
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.
 
-НИТХ өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа хуралдаж ажлын хороодоо байгууллаа. Энэ удаад АН цөөнх болсон. Ер нь хуралдаан дээр цөөнхийн зүгээс тавьсан асуудлыг хэр нааштай хүлээж авч, хамтран ажиллаж байна вэ?
 
-2016 оны сонгуулийн үр дүнд НИТХ-д МАН 34, АН 11 суудал авсан. Мэдээж бид иргэдийн өгсөн саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ өмнө нь Нийслэлийн иргэдийн хурлын жишиг, зарчмаар Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгохдоо нийлслэлчүүдийн өгсөн саналын хувийг харгалзан оруулдаг байсан.
 
Одоо Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчид АН-д гурав, МАН-д найман мандат оногдож байгаа. Харамсалтай нь энэ мандатыг МАН олонхоороо шийдвэр гаргаад, өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, НИТХ  бол МАН-ын нэг байгууллага шиг болчихсон. Цөөнхийн хяналт үгүй болж, нэг намын байгууллага шиг шийдвэрээ гаргадаг тогтолцоо руу яах аргагүй орж байна.
 
2012 оноос өмнө НИТХ жилдээ 1-2 удаа хуралддаг, Засаг дарга болон тэргүүлэгчид нь эрх мэдлээ төвлөрүүлсэн байсныг бид өөрчилж өнгөрсөн дөрвөн жилд байнгын ажиллагаатай, нээлттэй, ил тод, цөөнхдөө хүндэтгэлтэй байх зарчмаар ажилладаг болгосон. Нийслэлчүүдэд дэг журам баталж мөрдүүлдэг байгууллага нь өөрөө дэг журмаа мөрдөж ажиллах эсэх нь эргэлзээтэй болж байгаад харамсаж байна.
 
-Нийслэлчүүдийн дунд өмнөх дөрвөн жил Улаанбаатар хотод хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжих болов уу гэсэн эргэлзээ бий. Сүүлийн үед нийслэлийн удирдлагууд улс төрийн шалтгаантай гэж болохоор шийдвэрүүдийг гаргаж,  өмнөх хөтөлбөрүүдийг зогсоож байна уу гэсэн хандлага ажиглагдаж байгаа шүү дээ?
 
-Одоогоор олон зүйл тодорхойгүй байна. Нийслэлийн удирдлагын зүгээс тоймтой, тодорхой шийдвэр гарсан зүйл алга. Уг нь жирийн айл гэрээс эхлээд бүх шатны байгууллага ажил амьдралаа төлөвлөдөг. Их хотын ажил хаанаас, юунаас эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Хөгжье, дэвшье, гадна дотнын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  нийгэм эдийн засгаа өөд татъя гэвэл төр засгийн шийдвэр тодорхой, бас тогтвортой байх ёстой.
 
-НИТХ-д нийслэлчүүдийг төлөөлөн 45 төлөөлөгч сууж байгаа. Тэр хэрээр нийслэлд тулгамдаж байгаа олон асуудлыг уламжилж байдаг гэж ойлгож байна. Гэтэл нийслэлийн удирлагууд ажлаа хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байна гэдэг сонин байна?
 
-Улаанбаатар хотын ажил амьдралд хэлэлцэж батлах шаардлагатай шийдлээ хүлээсэн олон асуудал байна. Юуны  өмнө аль асуудлаа шийдвэрлэх вэ, тухайн асуудал яг асуудал мөн эсэхийг таньж чадах нь өөрөө асуудал болчихоод байна. Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх хүмүүс нь өөрсдөө асуудал болчихоод байж болохгүй. Үнэндээ нэр, шошго солих нь тулгамдсан ажил биш.
 
Ер нь Их эзэн Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгож нэр өөрчлөх нь чухал ажил биш шүү дээ. Бидний зүгээс эрх баригч хүчинд юуны өмнө чухал асуудлаа тодорхойлж, түүнээсээ ажлаа эхэл гэдгийг сануулж байгаа. Аль нэг нам нь олонх болохоороо өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгэдэг арга барил нь цаг алдуулсан, иргэдийг хохироосон, хөгжлийг тасалдуулсан алхмууд болдог шүү дээ.
 
-Тухайлбал, нийслэлийн хэмжээнд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ч зогссон. Үүнээс гадна дэд бүтэц, гэр хороолол зэрэг олон газар төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн байгаа?
 
-Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа 200 гаруй төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтын ажлууд бий. Үүнээс зарим нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байсан. Гэвч “Сайн” гэсэн тодотголтой хөтөлбөрүүдийг бүгдийг зогсоосон.
 
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн үргэлжлэх нь бүрхэг болчихлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд хэрэгжиж эхэлснээр газрын харилцааны менежмент сайжирч иргэдийн хувийн өмч зах зээлийн зарчмаараа үнэлэгддэг болсон. 2012 оноос өмнө газрыг төр үнэлж худалдаж авдаг байсан захиргааны аргыг эрс өөрчилж хувийн өмчийг хамгаалж зах зээлийн зарчимд шилжүүлсэн. Зарчмын том ялгаа нь энэ юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 24 байршилд сонгож, барилга барих компаниуд нь хэн нэгэн эрх мэдэлтнээс зөвшөөрөл авч биш, тухайн хороо, бүс нутагт оршин сууж байгаа иргэдтэй зөвшилцөх нь чухал байсан.
 
Тодруулбал, гурван талт зөвшилцлийн гэрээ хийж, эрчимтэй ажилласны дүнд орон сууцандаа орсон иргэд олон бий. Нөгөө талаасаа үйл ажиллагаа нь төдийлөн сайн байгаагүй компани ч бий. Эрх баригчдын хувьд үйл ажиллагаа нь доголдсон ганц нэг компанийн нэрийг барьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг үгүйсгэх ажлыг хийгээд байна. Мөн төрийн ажил хийж байгаа хүн тухайн салбарыг маш сайн судалсныхаа дараа дүгнэлт гаргаж, нийтэд хандахгүй бол иргэд хэрхэн төөрөлдөж байгааг бид харж байна.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсооно гэдэг бол Улаанбаатар хотын хөгжлийг зогсоож байна гэсэнтэй адил сонсогдож байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн өөр нэг гол онцлог бол эрэлт, нийлүүлэлт хоёрыг зэрэг дэмжиж байгаа явдал юм. Харамсалтай нь эрх баригч хүчин нийслэлд хамгийн чухалд тооцогдох энэ асуудлыг яахаа шийдэж чадахгүй сууна. Дахин төлөвлөлт нь алдаатай бодлого гэж яриад байгаа мөртөө үүнийг сайжруулах ямар шийдэл олж боловсруулсан бодлого нь өнөөг хүртэл бидний гар дээр ирээгүй.
 
-Цахим газар олголтыг зогсоох тухай мэдээлэл хэр үндэслэлтэй юм бол?
 
-Одоогийн байдлаар мөн л тодорхойгүй байна. Цахим газар өмчлөлийг зогсооно гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Ер нь шийдвэр гаргахаар бэлдэж байгаа төслүүдээ иргэдээс асуугаад үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлээд байх шиг байна.
 
Иргэдээсээ асуух ажил, салбарын мэргэжилтнүүдээсээ асуугаад шуурхай шийдэх ажил гэж бас бий. Эмч өвчтнөөсөө ямар хагалгаа хийлгэх вэ гэж асуугаад цаг алдаад байж болохгүй биз дээ. Хэт бөөрөнхий, шийдэмгий бус, хүмүүсийн ам харсан байдлаар цаг алдаад байж болохгүй. Өвөл боллоо. Хот эзэнгүйдлээ.
 
-Өнгөрсөн дөвөн жилд нийслэлд гарсан өөрчлөлтүүдийн нэг нь цахим газар олголт байсан. Өмнө нь олон удаа газар авах гэж хөөцөлдөөд авч чаддаггүй байсан иргэдийн хувьд ахиц, дэвшил авчирсан гэж болно?
 
-Улаанбаатарын хотын шийдвэл зохих хамгийн чухал асуудлын эхний гуравт газрын харилцааг үр дүнтэй болгох ажил багтана. Газрын харилцааг үр дүнтэй зохион байгуулж чадаагүйгээс болж цаг хугацаа алдаж байна. Орлого олох боломжоо төр ч тэр, хувийн хэвшил ч алдаж байна. Иймээс бид цахим газар өмчлөлийн ажлыг эхлүүлсэн.
 
Хэн нэгэн нь эрх мэдэлтэн хүнээр дамжуулан газар авдаг бол жирийн иргэн 0.07 га газраа авч чаддаггүй хүнд нөхцөлтэй байсан үе бий. Танилтай нь ууланд ам амаар нь газраа авдаг, танилгүй нь газаргүй хоцордог тэр харилцааг таслан зосгоохын тулд газрын харилцааг цахим, хэн нэгнээс хараат бус, нээлттэй, шударга зарчимд нийцүүлье гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Одоо энэ ажлыг зогсоож газрын наймааг цэцэглүүлэхгүй гэж найдаж байна.
 
-Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрүүдийн нэг нь цэнгээний газруудыг 00:00 цагт хаах шийдвэр юм. Цагийн хязгаарлалт тавих нь зөв ч нөгөө талаасаа далд эдийн засаг газар авах сөрөг талтайг иргэд шүүмжилж байгаа. Энэ шийдвэрий тухайд юу хэлэх бол?
 
-Энэ талаар эцсийн шийдвэр нь гараагүй байгаа шүү дээ. Цэнгээний газруудын хаах цагийг өөрчилсөн гэж иргэд ойлгож байгаа. 2012 оноос өмнө цэнгээний газрууд 00:00 цагт хаадаг байсан. Дараа нь бид сонголт хийж байгаад 04:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл өгсөн. Ер нь дээрх хоёр цагийн ялгааг харуулсан судалгааг харуулах хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийн хувьд илүү цагаар ажиллах нь давуу талтай. Нөгөө талаасаа Улаанбаатар дэлхийн хотуудын нэг болсон. Саяас дээш хүн амтай мегахот болсон учраас дэлхийн хотуудын стандартад дөхөж очих ёстой.
 
“Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 оны төлөвлөгөө”-нд Зүүн Азийн аялал жуулчлалын төв болно гэж зорилт тавьсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд түүнд зориулсан үзвэр, үйлчилгээ зэрэг бүх зүйлээ сайжруулах шаардлагатай. Үүний нэг нь цэнгээний газруудын цагтай холбоотой асуудлууд бий. Цэнгээний газруудын цагийг ямар зорилгоор 00:00 цаг болгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Архидалттай тэмцэх гэж байгаа бол архидалтыг хүчээр бууруулдаггүй. Хүмүүсийн сэтгэлгээ, соёлтой хэрэглээтэй ажиллах байдлаар буурууулдаг болохоос хүчээр хааж боовол эргээд далд эдийн засаг цэцэглэх нөхцөл бүрдэнэ. Хэсэг бүлэг хүмүүс хөлжинө гэж харж байгаа.
 
-МАН хэдхэн сарын өмнө төрийн албан хаагчдын дунд халаа, сэлгээ хийхгүй гэж амлаж байсан ч амлалтаасаа буцаж эхэллээ. Нийслэлийн хувьд ч төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь халж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухайд?
 
-Нийслэлийн Иргэдийн хурлын анхны чуулган дээр нийслэлийн удирдлагууд төрийн албан хаагчдыг халахгүй гэж амлаж байсан. Өнөөдөр амлалт нь алд дэрэм зөрж эхэлсэн. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ амьдрал дээр мэргэжлийн Засгийн газар гэж байдаггүй. Улс төрийн Засгийн газар гэж байдаг. Харин мэргэжлийн төрийн алба гэж байдаг. Өнөөдөр төрийн албанд мэдлэг чадвараар нь биш намдаа хэр зэрэг идэвх зүтгэлтэй ажилласан бэ гэдгээр нь шалгаруулж байна. Үүний тод жишээ болох нийслэлийн удирдлагууд 2012 оноос нийслэлийн төр захиргааны байгууллагад орсон албан хаагчдын судалгааг гаргаж, халахаар зэхэж байгаад нь харамсаж байна.
 
Төрийн албаны зөвлөл гэж улс төрийн намуудын захиалга биелүүлдэг газар болсон. Төрийн албан хаагчийг нээлттэй сонгон шалгаруулаад байна уу, шагнаад байна уу гэдэг нь ойлгомжгүй болсон. Үнэхээр төрийн албаны сонгон шалгаруулалт нь ур чадварын тогтолцоонд суурилж байж төрийн шийдвэрийн чанар дээшилнэ шүү дээ. Тиймээс Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж, ТАЗ-ийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх шаардлага байна. Аль нэг нам гарч ирээд өмнөх засгийн үед ажиллаж байсан төрийн албан хаагчдын эрх ашгийг хөнддөг байдал нь Монголд дэвшил авчирч байгаагүй.
 
-Нийслэлийн Засаг дарга ажлаа аваад хэдэн сар боллоо. Энэ хугацаанд иргэд рүү чиглэсэн хэр үр дүнтэй шийдвэр болоод ажлуудыг зохион байгуулж байна?
 
-Нийслэлийн Засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг НИТХ-д өргөн бариад байгаа. Бид өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Энэ сарын 29-нд хуралдах гуравдугаар чуулганаар хэлэлцэж, батлах юм. Үүнээс иргэд, хэвлэл мэдээллийнхэн цаашид Хотын дарга юу хийх гэж байгааг нь харах боломжтой болох байх.
 
Ер нь 2012 оны энэ цаг үед бид нийтийн тээврийн менежментийг сайжруулах хэд хэдэн төсөл хөтөлбөрийг эхлүүл­сэн байлаа. Ний­тийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчдог болсон. Дугаарын зохицуулалтыг хийж, автозамын түгжрэлийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлуудыг аль хэдийнэ эхлүүлсэн байсан. Мөн 2012 оны энэ үед нийтийн тээврийн парк шинэчлэлийн төсөв санхүүг нь шийдвэрлэсэн байсан. Иймээс одоогийн хотын удирдлагууд хэр сайн ажиллаж байгааг өмнөх удирдлагууд тухайн цаг үед юу хийж байсан бэ гэдэгтэй харьцуулж ярих нь илүү бодитой байх болов уу.
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин