sonin.mn
Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес 2015 оны есдүгээр сард Киевт болсон Европын стратегийн чуулга уулзалт дээр дараах үгийг хэлжээ.
 
“Бид өөрсдийн гэсэн газар нутгийг мөрөөдөж байлаа. Гэвч бидний олж авсан газар нутаг мөрөөдөөд байх юм биш байсан. Энэ бол Ойрхи Дорнодын газар нутгийн мянганы нэг хэсэг болох өчүүхэн газар нутаг байсан. Тэр газар тийм сайхан байгаагүй ээ. Тэнд өмнөд хэсэгт нь намаг, шумуул, цөл, тэгээд нил чулуу болсон газар л байлаа. Шумуул, чулууны аль нэгийг сонгох хэрэгтэй болсон.
 
Тэнд хоёр нуур байсан нь нэг нь мөхсөн, нөгөө нь устаж алга болсон нуур байлаа. Нэг алдартай гол байсан ч усгүй болсон байсан. Ямар ч ус байгаагүй. Алт, нефть гээд байгалийн ямар ч баялаг байгаагүй. Тэр үед Ойрхи Дорнодод нефтийн орнууд, ариун орнууд гэсэн хоёр төрлийн улс орон л байдаг гэж ярьдаг байсан юм. Манай, бидний улс бол жинхэнэ ариун улс байсан, учир нь бидэнд юу ч байгаагүй.
 
Бид ганцаараа байлаа. Шашнаар ижилсэх, хэл яриагаар адилхан, түүхээрээ хорших ахан дүүс бидэнд байгаагүй. Холокост (дэлхийн II дайны үеэр еврей үндэстнийг хоморголон устгасан үйл явдал)-ын дараа энэ бүх зүйл болсон юм. Бид энэ газар нутаг дээрээ ирэхдээ юу хийхээ мэдэхгүй хүмүүс ирж байлаа. Үнэндээ бид юу ч мэдэхгүй байсан.
 
Хүмүүс надаас асуудаг, яаж идэвхтэй, хөдөлгөөнтэй байх вэ гэж. Энэ тун амархан. Хэрвээ таны мөрөөдөл ололт амжилтаасаа илүү байвал та залуугаараа л байна гэсэн үг.
 
Байгаль дэлхийн хамгийн том баялаг бол хүн. Хүн байгаль дэлхийг баяжуулж хөгжүүлсэн, харин газар, байгаль хүн ардыг биш.
 
Бид бүгдээрээ эрдэмтэн болсон. Израиль дахь бүх фермер, бүх хамтрал усгүйгээр, газаргүйгээр хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэж бодож, судалж эхэлсэн. Тэгээд л хөгжүүлж эхэлсэн дээ. Энэ бол хай-тек дээр үндэслэсэн дэлхийд анхны хөдөө аж ахуй болсон юм. Би өөрөө хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан байлаа. Бид усжуулалт хийх гэж оролдож, мод сайн ургаж юуны магад хэмээн модыг халуун усаар услах гэж үзэж байлаа.
 
Тэгээд хөдөө аж ахуй нь зөвхөн газар дээр бус, харин хай-тек, өндөр технологи дээр үндэслэдэг болохыг бид ойлгож авсан юм. Өнөөдөр бидэнд хангалттай ус байна. Ус байж л байдаг, харин түүнийг олборлож гаргаж ирдэггүй. Харин бид усыг олборлож, гаргаж ирсэн. Бид амжилт олсон. Бид усыг хашиж, суваг татаж ус их шаардагддаггүй ногоогоо услаж байлаа. Энд жинхэнэ нууц байгаа. Танд байгаа зүйл чухал бус, та юу хийж, юу үйлдвэрлэж байгаа нь ирээдүйд хамгийн чухал.
 
Бидэнд хүн, хүн ам байсангүй, зэвсэглэл ч байсангүй. Бид хэзээ ч байлдаж, дайтаж байсангүй. Бид ердөө л 450 мянгуулаа, генерал ч байхгүй, байлдах, дайтах туршлага ч байсангүй. Нэгдсэн үндэстний байгууллага Израиль улсыг байгуулах шийдвэр гаргасан ч тэр нь үнэн хэрэгтээ дайн болж хувирсан. Бид юу хийж чадах байсан бэ? Хоёр л зүйл хийж чадах байлаа.
 
Нэгд, еврей хүмүүс эрэлхэг, зоригтой байх ёстой. Бид нарт сонголт байхгүй, зөвхөн ялах ёстой гэдгийг бид ойлгох ёстой байсан. Бид нэг удаа л ялагдах юм бол тэгээд л дуусах байсан.
 
Хоёрт, бидэнд зэвсэг байхгүй байсан тул бид түүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Цэрэг, армиа төгөлдөржүүлэхийн тулд бид хөгжих, урагшилж мэдээллийн технологийг (IT) хөгжүүлэх хэрэгтэй байлаа. Израилийн IT салбарынхан цэрэг, армид ажилласан юм. Учир нь бид дайснуудаар хүрээлэгдсэн байлаа.
 
Яагаад би үүнийг яриад байдаг вэ? Одоо ч би залууст хэлдэг юм. “Залуус аа, та нарт бодож байгаагаас чинь илүү их зүйл байгаа шүү. Битгий залхуур. Газар нутаг бидэнд өгч болохоос хавьгүй их зүйл бидэнд байгаа шүү. Танд байхгүй зүйлсийг та үйлдвэрлэж, бий болгож чадна. Энэ хичээл, Израиль улсын түүх нь бүгдэд сургамж болоосой гэж боддог.
 
Бултаараа залхуу байх боломжгүй. Та ямар нэг амжилтад хүрэхийг хүсвэл ажиллах, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэнгэрээс юу ч унаад ирэхгүй. Бид Израильд маш их хөдөлмөрлөсөн. Үүнд муу юм юу байгаа юм? Мэдэхгүй юм... Хүмүүс амралтаа авч  амарч байна. Энэ бол цаг хугацааг дэмий үрж буй хэрэг. Би одоо 90 гарчихсан. Хэзээ ч амралт авч байсангүй. “Та хэвийн бус юм уу, тэгээд яаж амарч, алжаалаа тайлдаг юм бэ” гэж л байдаг. Би ажиллахыг эрхэмлэдэг, би ажлаас таашаал авдаг.
 
Шинжлэх ухаанд суралц, түүнд хязгаар үгүй. Өнгөрсөн асуудлыг шийдэх гэж бүү оролд. Өнгөрсөн түүх ямар ч юмыг шийдэхгүй. Зүгээр л өнгөрснийг судал, өнгөрсөн алдааг давтахгүй байхыг хичээ. Өнгөрсөн цаг хугацаанд ирээдүй байхгүй, итгэл найдвар ч байхгүй.
 
Хүмүүсийн олонх нь төсөөлж сэтгэх бус, эргэж санах гэж оролддог. Энэ хамгийн том алдаа. Та юу санахыг хүсээ вэ, хийсэн, гаргасан бүх алдаагаа санахыг хүсээ юу? Түүхт итгэж найдаад хэрэггүй.
 
Заримдаа хүмүүс надаас асуудаг юм, эргээд харах юм бол та нарын хамгийн том алдаа юу байв аа гэж. Би хэлдэг. “Бид агуу их мөрөөдөлтэй байсан гэж боддог. Харин одоо харахаар тэр мөрөөдөл нь тийм агуу, том байгаагүйг бид ойлгодог, хардаг. Том мөрөөд. Таны мөрөөдөл том байх тусам та их зүйлд хүрнэ.
 
Залуу үе, залуус бол гайхалтай. Гэвч тэд улстөрчдийг харааж зүхдэг. “Авлигад идэгдсэн, идэж уудаг. Улс төр муухай, би улс төрд орохгүй, би улс төрийг сонирхдоггүй” гэж үглэдэг. Тэгэхээр нь би хэлдэг юм. “Та үнэнч, шударга хүн. Шударга, сайн улс төрийг хүсч байгаа бол улс төрд ор, шударга улс төр хий” гэж хэлдэг. Энэ бүх хичээлийг би өнгөрснөөс, түүхээс сурсан юм”.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин