sonin.mn
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын манаачдыг бэлтгэдэг чухал хүнийг энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо. Мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Батлан хамгаалахын их сургууль өдгөө 95 жилийн ойтойгоо золгож байгаа юм.
 
Энэхүү түүхэн хугацаанд тус сургууль 70 мянган төгсөгчдийг эгнээнээсээ төрүүлсэн бол энэ жил 3000 гаруй оюутан энэ сургуулиар овоглож буй юм. Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах боловсон хүчнийг бэлтгэдэг хүндтэй хариуцлагатай үүргийг хошууч генерал Я.Чойжамц гүйцэтгэж,  энэ хамт олныг удирдан чиглүүлж явна. Сургуулийн хамт олон ойгоо угтаж төлөвлөсөн ажлуудаа хийхээр үдэш орой хүртэл шаргуу ажиллаж байна.
 
БХИС СУРГАЛТ, СУДАЛГАА ХОСОЛСОН БАЙГУУЛЛАГА
 
Батлан хамгаалах их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц Говь-Алтай аймгийн уугуул. 1974 онд аймгийнхаа төвийн  дунд сургуулийг төгсч, 1978 өнөөгийн Батлан хамгаалах их сургууль буюу тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургуульд элсэн орсноос хойш өнөөг хүртэл 40 гаруй жил энэ салбартай ажил амьдралаа холбожээ. Энэ хугацаанд өөр салбар, мэргэжил рүү хальтарсан нь үгүй. ЗХУ-д Ерөнхий цэргийн академи,  АНУ-ын Вашингтонд  Үндэсний батлан хамгаалах сургуулийг төгсч, өөр олон улс оронд мэргэжил дээшлүүлсэн байна.  
 
Сургуулиа төгсөөд Зүүнбаянгийн цэргийн ангиас салааны захирагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш салбарынхаа чиглэл бүрт албан тушаалын шат дамжлагыг алгасахгүй ажиллажээ. Тухайлбал, ротын захирагч, мотобуудлагын хороонд тагнуулын дарга, батальон, хорооны захирагч, ЗХЖШ-д ахлах мэргэжилтэн, даргын зөвлөх, Батлан хамгаалахын сургуулийн тэргүүн дэд захирал, Батлан хамгаалахын яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хийж байжээ.
 
Мөн  АНУ-ын төвийн командлалд ахлах төлөөлөгчөөр хоёр ч удаа томилогдон ажилласан байна. Товчоор хэлбэл, энэ салбарын үндсэн дөрвөн чиглэл буюу Цэргийн ангид салаан даргаас хорооны захирагч, Батлан хамгаалах их сургуульд факультэтийн орлогч даргаас захирал, цэргийн мэргэжлийн дээд байгууллага болох ЗХЖШ-д ахлах мэргэжилтнээс орлогч дарга, яаманд газрын даргаас Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан мэдлэг туршлагаар арвин нэгэн юм. Тийм ч учраас  байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл нийгэм, аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа онцлог сургуулийг удирдаж байгаа юм.
 
Бидний ярианы гол сэдэв болох сургуулийнхаа талаар тэрээр “1945 он хүртэлх үеийн суралцагчид Монгол Улсад голлох сэхээтнүүд байсан. Одоо ч маш онцлогтой. Улс орныхоо аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад  зэвсэгт хүчин хилийн цэрэгт удирдах тушаалын болон инженер техникийн ажилтнууд бэлтгэж байна. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг давтан бэлтгэж байна. Гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх өөр төрлийн урт богино хугацааны сургалтыг байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Мөн аюулгүй байдлын чиглэлийн бүх төрлийн  судалгааны тэргүүлэх байгууллага болж байна.
 
Орчин үеийн тулгамдаж байгаа эрсдлийн суурь судалгааг хийж өгч байгаагаараа  сургалт судалгаа хосолсон байгууллага гэж хэлж болно” гэсэн юм. БХИС-д гадаадаас цөөнгүй оюутан ирж суралцахаас гадна жилд 40-100  оюутан  20 гаруй оронд яам, ЗХЖШ-ын захиалгаар суралцдаг байна.  Их дээд сургуулиудын боловсролын шинэчлэлийн дагуу эднийх ч бакалаврын сургалтдаа  50-60 хөтөлбөр магистр, докторын олон хөтөлбөр нэвтрүүлжээ. Төгсөгчид улс орны аюулгүй байдлыг  хангах чиг үүрэгтэй байгууллагад ажиллах учраас бие бялдар, сэтгэлзүйн маш өндөр чадварыг эзэмшсэн байх ёстой байдаг гэнэ.
 
Сургуулийн хамт олон ойгоо угтаж олон багц ажлуудыг төлөвлөн хийж байгаа аж. Ойн хүрээнд сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хичээлийн хөтөлбөрт шинэ агуулга тусгах,  уялдаа холбоог сайжруулах, сургалтын чанарт хяналт тавих чиглэлд анхаарч байгаа гэнэ.
 
Мөн багшлах бүрэлдэхүүний  ур чадварыг дээшлүүлэхэд европын орнуудын консорциумтай хамтарч шинэ технологи  нэвтрүүлэх сургалт зохион байгуулахаас гадна гадаад руу багш нараа явуулах, шинэ аргачлал нэвтрүүлэхийг зорьж байгаа.  Хамгийн чухал нь оюутнуудын бие даан суралцахад чиглэсэн багц ажил, сургалтын орчинг  сайжруулахад хээрийн сургалтын бааз, хичээлийн байр, дадлагын байрыг шинэчлэхэд нэлээдгүй анхаарч  байгаагаа сургуулийн захирал хэлж байлаа.
 
ТЕХНОЛОГИЙН ХОЦРОГДОЛ, САНХҮҮЖИЛТИЙН БОЛХИ БАЙДАЛ ЭНЭ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛД МАШ ТОМ СААД ТОТГОР БОЛЖ БАЙНА
 
Биднийг нэлээд орой сургуулийг зорьж очвол засвар, шинэчлэл гээд тэд завгүй байлаа. Хошууч генерал ч сүүлийн үед орой болтол сууж ажиллаж байгаа аж. Түүнээс сургуульд нь тулгамдаж байгаа асуудлыг лавлахад “Маш олон асуудал байна. БХИС бол төрийн сургууль. Аль ч улс өөрийгөө хамгаалах бие бүрэлдэхүүнээ тэргүүн зэргээр бэлтгэдэг. Үүнийгээ дагаад тэргүүлэх зэргийн технологийг ашиглаж их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг.  Улс оронд ямар нэг эрсдэл тохиолдох үед бэлтгэсэн цэргийн хүч байдаг учраас бүх улс үүнд их анхаардаг.
 
 Манайд бол үгүй юм байна. Оруулж байгаа хөрөнгө оруулалт алга” гэсэн юм. БХИС боловсролын сайдын багцаас санхүүждэггүй. Батлах хамгаалахын сайдын санхүүжиж байгаа төслийн 82 хувь нь цалин, халаалт, хувцас зэргээр  урсгал зардалд зарцуулдаг бол үлдсэн 18 хувь нь шатахуун гэх мэт туслах зардалд таардаг гэнэ. Энэ жил санхүүгийн хямрал гээд төсвийн тодотголоор сургалт үйлдвэрлэлийн зардлыг хасчээ. Өөрөөр хэлбэл, нэг ч ном шинээр авах мөн цаас, шохойны зардлыг бүрэн танажээ. Энэ талаар хошууч генерал Я.Чойжамц “Бусад сургууль шиг төлбөрийнхөө тодорхой хувийг захиран зарцуулах эрхгүй.
 
Нэг төгрөг ч байсан төрийн санд оруулдаг. Технологийн хоцрогдол, санхүүжилтийн болхи байдал энэ сургуулийн хөгжилд маш том саад тотгор болж байна. Азийн хөгжлийн банкнаас дээд боловсролын санхүүжилтийн төсөл хэрэгжүүлэхэд манайхыг цэргийн сургууль гээд хасдаг. Аль ч улс өөрийгөө хамгаалах боловсон хүчнээ бэлтгэдэг сургуульд маш их анхаардаг. Төрийн удирдлагууд үүнийг анхаарах ёстой. Зардлын  10 гаруй хувийг шууд хассан. Өнгөрсөн жил төрийн бүх байгууллагаас 10 хувь гээд ажилчдын цалингаас хассан. Гэтэл боловсрол, эмнэлгийн байгууллагаас хасахгүй гэсэн хэрнээ манайхыг цэргийн байгууллага гээд хассан.
 
Татвар, нийгмийн даатгалд маш их өртэй. Хуулиар бол цэргийн сургуулиудыг төр хариуцах ёстой. Гэтэл Сангийн яам хууль зөрчиж  байна. Баян ядуу аль ч улс орон болзошгүй эрсдлээс хамгаалж байх ёстой.  Жишээлбал, өнөөдөр бид зүгээр л энгийн компьютер ашиглаж байна. Бусад улс онцгой хамгаалалттай, жил бүр программ хангамж худалдаж авдаг. Улс орноо хамгаалах чиглэлээр судалгаа хийж өөрийн гэсэн онолтой бодлоготой байх хэрэгтэй. Системтэй хамгаалж байгаа зүйл алга” гэсэн юм.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин