sonin.mn
ЖЕНЕВ./TASS/. Швейцарьт болсон бүх нийтийн асуулгад оролцогчдын 65,5 хувь нь тагнуулын албаны эрхийг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
 
Швейцарийн Тагнуулын албаны тухай шинэ хуулиар террорист аюул занал нэмэгдэж буй энэ үед тагнуулын албаны эрх, чиг үүргийг өргөжүүлэх талаар тусгажээ. Тухайлбал, улс орны дотоодод болон хилийн чанадад захидал харилцааг хянах, телефон утсыг чагнах, хувийн эзэмшлийн газарт дүрс бичлэгийн камер ашиглах зэрэг нууц ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна.
 
Харин уг хуулийг эсэргүүцэж буй Социал-демократ нам болон Ногоон намынхан дээрх санал асуулгын дүнгээр Швейцарийн 26 кантонд олонхын дэмжлэг авч чадсангүй. Тагнуулын албаны тухай шинэ хууль бол аюулгүй байдал ба эрх чөлөө хоёрын аль нэгийг нь сонго гэж тулгаж буй явдал гэж эдгээр намынхан үзэж байгаа юм. Тэд ард иргэдэд хандан “аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах нэрийн дор иргэдийг нийтээр нь хянаж цагдах гэж байна” гэж анхааруулж байсан боловч санал асуулгаар олонхын дэмжлэг авсангүй.
 
Харин Швейцарийн иргэдийн ихэнх нь тагнуулын байгууллагын эрхийг өргөжүүлэх гэсэн засгийн газар, барууны болон төвч үзэлт намуудыг дэмжлээ.
 
Б.Адъяахүү
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг