sonin.mn
“Ройтерс” агентлагийн сурвалжлагч Терренс Эдвардс ингэж бичжээ.
 
Хөрөнгө оруулалт татаж, худалдаагаа өргөжүүлэхийг хичээж буй хямралд автсан Монгол Улс БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтцийн банкны хэд хэдэн төмөр замыг хэрэгжүүлнэ гэж тус улсын зөвлөх “Ройтерс” агентлагт хэлсэн юм.
 
Орос, Хятадын дунд хавчуулагдсан далайд гарцгүй тус улсын Засгийн газар эрдэс баялгийн үнэ, гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ жолоодлогогүй уналтын улмаас бодлогын хүү, зардал зэргээ танахад хүрсэн билээ.
 
Хөндөгдөөгүй маш их байгалийн баялаг сандайлан суудаг ч Хятад руу зэс, нүүрс, алт тээвэрлэх хэд хэдэн төмөр замын төсөл хэт өндөр зардал, дээр нь аюулгүй байдалтай холбоотой маргаанаас үүдэн саатан хөгжлийг нь хойш татжээ.
 
Гэвч Хятадын “Нэг бүс, нэг зам” төсөл болон Монгол, Оростой холбох “Эдийн засгийн коридор” санаачлага Монголыг дамнасан төмөр замыг тэлж, дорныг чиглэсэн шинэ чиглэлүүдийг гаргах зэрэг шинэ төслүүдийг эхлүүлэх боломж олгож буй тухай Монголын Зам, тээврийн хөгжлийн яамны зөвлөх Ё.Манлайбаяр хэлж байв.
 
Тэрээр “Монгол Улс ойрын дөрвөн жилд төмөр замын дамжин өнгөрүүлэх чадамжаа огцом нэмэгдүүлж, Хятадыг Европтой холбох шинэ чиглэлүүдийг барих төслүүд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Учир нь манай улс эдийн засгийн коридорыг үүсгэхэд эхнээс нь хүчин чармайлт гаргаж ирсэн” гэсэн юм.
 
     Монгол, Хятад, Оросын өнгөрсөн зургадугаар сард байгуулсан эдийн засгийн коридорын тухай гэрээгээр бүс нутгийн төмөр замын тээвэрлэлтийг одоо байгаа замуудыг шинэчлэн тээвэрлэлтийн хэмжээг нь өсгөх, мөн шинэ чиглэлүүд барих замаар нэмэгдүүлэхийг зорьжээ.
 
Монгол Улс шинээр 550 км төмөр зам барих, одоо байгаа замаа өргөжүүлэх санхүүжилт авахыг эрмэлзэж байгаа аж.
 
Үүний тулд тус улс хэдий хэмжээний мөнгө зээлэх нь одоогоор тодорхойгүй ч, Азийн дэд бүтцийн банктай энэ талаар хэдийнэ урьдчилсан хэлэлцээ хийсэн хэмээн Ё.Манлайбаяр хэлсэн юм. Гэвч Азийн дэд бүтцийн банкны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
 
Шинэ төмөр замын төлөвлөгөөнүүдээс Австралийн нүүрс олборлогч “Aspire Mining” компанийн тэргүүлж буй Хойд чиглэлийн төмөр замыг дурьдаж болно. Хятадын хөгжлийн банк энэ бүтээн байгуулалтын гуравны нэгийг гаргах сонирхолтойгоо хэдийнэ мэдэгджээ.
 
Үүнээс гадна Монголын төлөвлөгөөнд Тавантолгойн нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох тамөр зам барих явдал багтаж буй. Монгол Улс энэхүү бүтээн байгуулалтад 200 сая ам.доллар зарцуулаад байгаа ч нэмж 800 сая ам.доллар шаардлагатай ажээ.
 
Тавантолгойн төмөр зам нь эдийн засгийн хямралаас гарахыг тэмүүлж буй Монгол Улсын Сангийн яамны онцолж буй дэд бүтцийн таван гол төслийн нэг юм.
 
Таван жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийн жилийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэсэн ч уул уурхайн гадаадын компаниудтай хийсэн маргаан, Хятадын эдийн засгийн өсөлт саарснаас ямар нэгэн хэмжээгээр холбоотой эрдэс баялгийн үнийн огцом уналтаас үүдэн тус улсаас гадаадын хөрөнгө оруулалт дайжжээ.
 
Тус улсын Засгийн газар түүнчлэн Оюутолгойн зэс, алтны уурхай дахь “Рио Тинто”-гийн далд уурхай, Канадын “Centerra Gold” компанийн Гачууртын алтны уурхай зэргийн бүтээн байгуулалтыг хөгжлийн үндсэн боломжуудынхаа нэг хэмээн үзэж байгаа аж.
 
Ё.Манлайбаяр төмөр замын төслүүдэд нэмж өөр хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газраасаа төмөр замын үзэсгэлэн зохион байгуулах зөвшөөрлийг хүлээж буй гэнэ. Тэрээр, “Бид тэдэнтэй нэг бүрчлэн уулзах бодолтой. Учир нь бүх хөрөнгө оруулагчтай нэг өрөөнд хэлэлцээ хийх хүндрэлтэй” гэсэн юм.
 
Б.Барс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин