sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Сансраас ирж буй дохиог сонсох зориулалт бүхий саяхан суурилуулж дууссан радио дуран авайг /телескоп/ туршилтаар ажиллуулж эхэллээ.
 
Энэ нь дэлхий дээрх хамгийн том радио дуран авай бөгөөд Хятадын эх газрын Гуйжоу мужид байрладаг. Уг радио дуран авайны голч нь 500 метр аж. Үүнээс өмнө дэлхийн хамгийн том телескоп гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн голч нь 305 метр юм.
 
Уг дуран авайг барихад 1.2 тэрбум орчим юань буюу 180 сая орчим доллар зарцуулжээ. Сансраас ирэх дохиог "барьж авах" боломжийг бий болгож, орчны дуу чимээг намсгахын тулд 5 км-ын радиус дотор амьдарч байсан 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
 
Эх сурвалжуудын ярьснаар, 2-3 жилийн хугацаанд туршилтаар ажиллуулсны дараа уг байгууламжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхлэх аж. Дэлхий ертөнцийн гарал үүслийг тогтоооход энэ телескоп гол үүрэг гүйцэтгэнэ гэж Хятадын хэвлэлүүдэд бичиж байна.
 
Сүүлийн жилүүдэд Хятад улс сансрын судалгааг эрчимтэй хийж, өөрийн гэсэн сансрын станцтай болохоор төлөвлөж байгаа юм.
Сансрын төслүүд хэрэгжүүлэх замаар Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг