sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Нью-Йорк муж улсад өнөөдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн телевизийн халз мэтгэлцээний үеэр эхний асуултыг Хиллари Клинтонд тавина гэж мэтгэлцээнийг зохион байгуулах комисс мэдэгдлээ.
 
Комиссын шийдвэрийн дагуу Клинтон зүүн талд, Трамп баруун талд зогсох аж. Телевизийн мэтгэлцээн 90 минут үргэлжилж, 6 гол сэдвийг /тус бүр нь 15 минут/ хамрах юм. Мэтгэлцээний 6 сегмент бүрийн явцад тавих асуултыг NBC сувгийн үдшийн мэдээний хөтлөгч Лестер Холт /модератор/ сонгоно. Клинтон, Трамп нарын асуулт бүрт хариулах хугацааг 2 минут гэж тогтоосноос гадна өрсөлдөгчийнхөө тавьсан асуултад хариулах хугацаа өгсөн байна.  
 
Мэтгэлцээн Нью-Йорк хотоос зүүн зүгт 40 км-ийн зайд орших Хэмпстед хот дахь Хофстрын Их сургуулийн байранд орон нутгийн цагаар 21:00 цагт /Улаанбаатарын цагаар өглөөний 9:00 цаг/ болно.  
 
Өнгөрсөн оны 10 дугаар сард баталсан дүрмээр, сонгогчдын 15-аас дээш хувийн дэмжлэгийг хүлээж буй нэр дэвшигчид телевизийн мэтгэлцээнд оролцох юм. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар, Клинтон 45-48 хувь, Трамп 36-44 хувийн дэмжлэг хүлээсэн бол Либертар намын нэр дэвшигч Гэри Жонсон 10 хувь, ногоонтнуудын намын Жилл Стейн 4 хувийн санал авсан байна. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг