sonin.mn
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хойш ажиллахыг хориглох тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээлэв.
 
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай мэдээлэл гарсан. Одоогоор Нийслэлийн Засаг дарга энэ талаар ямар нэгэн захирамж гаргаагүй бөгөөд шөнийн цэнгээний газрууд хуучин цагийн хуваариар буюу 04.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Шөнийн цэнгээний газруудтай ойр байрлаж буй иргэдийн тав тухыг алдагдуулдаг талаар олон нийтээс гомдол ирдэг байна. Тиймээс шөнийн цэнгээний газрууд болон иргэдийн тав тухыг алдагдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг судлахыг НЗД С.Батболд Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болгожээ. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авсан. Одоогоор санал асуулгын дүнг нэгтгэж байна хэмээн О.Нарантуяа дарга хэллээ.
 
Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд 1500 гаруй шөнийн цэнгээний газар, караоке үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрууд 04.00 цаг хүртэл ажилладаг болсноор ахуйн хүрээнд архидан согтуурах болон гэмт хэргийн гаралт буурсан. Мөн аялал жуулчлалын улиралд аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгддэг” гэв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг