sonin.mn
СӨҮЛ. /KAZINFORM/. “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг дэлхийн зах зээлээс эргүүлэн татахад багагүй хугацаа орох төлөвтэй байгаа учраас уг төхөөрөмжийг Өмнөд Солонгост дахин борлуулахыг хойшлуулахаар шийдвэрлэснээ “Samsung” корпораци мэдэгдлээ.
 
Батарей нь хэт халсны улмаас дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан тус компани 2.5 сая орчим ширхэг “Galaxy Note 7”-г дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаас өөр аргагүйд хүрсэн юм. Уг төхөөрөмж дэлбэрч, шатсан гэх хэдэн арван тохиолдол бүртгэгдээд байна.
 
Есдүгээр сарын 28 гэхэд уг ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татаж дуусна гэж тооцоолж байсан боловч ирэх сарын 1-нээс нааш амжихааргүй болж байгаа ажээ.
Энэ сарын 2-нд тус компани мэдэгдэл хийхдээ “Galaxy Note 7-г борлуулахыг зогсоож, нэгэнт борлуулсан гар утаснуудыг шинэ гар утсаар сольж өгнө” гээд, уг гар утсыг хэрэглэхээ зогсоохыг хэрэглэгчдэд уриалсан юм.
 
“Galaxy Note 7”-г дэлхийн 10 орны зах зээлд борлуулжээ. Өмнөд Солонгосын 200 мянга орчим хэрэглэгч уг бүтээгдэхүүнийг буцааж өгсөн бол мөн тооны хэрэглэгчид буцааж өгөөгүй байгаа аж.
 
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энэтхэгийн зорчигч тээврийн нисэх онгоцны нисгэгчийн бүхээгт 2012 онд худалдаанд гаргасан “Samsung”-ийн “Galaxy Note 2” ухаалаг гар утас шатаж дэлбэрсэн байна. Галыг галын хор ашиглан унтраасан гэнэ. Иргэний агаарын тээврийн “IndiGo” компани мэдэгдэхдээ, “гар утаснаас утаа саагиж, гал гарсан” гэжээ.
 
Иргэний агаарын тээврийн олон компани зорчигчид онгоцны бүхээгт байх үедээ  “Galaxy Note 7”-оор ярьж, цэнэглэхийг хориглоод байгаа юм.
Уг гар утсыг өнгөрсөн сарын 19-нд анх худалдаанд гаргасан бөгөөд шүүмжлэгчид болон хэрэглэгчдийн таашаалд ерөнхийдөө нийцэж байлаа.
Өрсөлдөгч болох “Apple” компани шинэ бүтээгдэхүүн болох “iPhone 7”-г худалдаанд гаргасан энэ үед “Samsung” компани “Galaxy Note 7”-г зах зээлээс эргүүлэн татаж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг