sonin.mn
БЭЭЖИН. /Al jazeera/. 40 гаруй бөмбөгдөгч онгоц болон сөнөөгч онгоцууд Номхон далайн баруун хэсэгт сургуулилалт хийхийн тулд Японы арлуудын дундуурх хоолойгоор нисч өнгөрлөө гэж Хятадын агаарын цэргийн хүчний командлал мэдэгдсэн байна.
 
Энэхүү холын зайн сургуулилт нь Номхон далайн баруун бүсэд тогтмол болдогоос гадна Зүүн Хятадын тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах бүсийн дээгүүр эргүүл хийх нь Хятад улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хийж буй үйлдэл юм гэж Хятадын агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Шен Жинкэ ням гарагт Батлан хамгаалах яамны цахим хуудаст нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
 
Хятад улс 2013 онд Зүүн Хятадын тэнгист Агаарын хамгаалалтын таних бүсийг байгуулж уг бүсээр нэвтрэх онгоцууд  Хятадын албаныханд мэдэгдэж байх ёстой гэсэн нь Япон болон АНУ-ын дургүйцлийг төрүүлсэн юм.
 
“Манай эргүүлийн онгоцууд нь агаарын довтолгооноос хамгаалах бүсэд гадаадын цэргийн онгоцууд орсон эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд агаарын орон зайд үүссэн аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авч, улс орны агаарын орон зайг хамгаалах юм” гэж мэдэгдэлд дурджээ.
Хятадын Ардын чөлөөлөх армийн онгоцууд Японы Мияако болон Окинава арлуудын хоорондох усан зам болох Мияако-гийн хоолойгоор дайрч өнгөрснийхөө дараа сургуулилтад оролцсон байна. Энэ үйл явдал нь Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудалд Хятад улс өөрийн байр сууриа улам батжуулж буй явдал гэж үзэж болно.
 
Хятад-Япон харилцаа нь Зүүн Хятадын тэнгист орших хятадаар Дяоюйдао, японоор Сенкаку гэдэг жижиг арлуудын харьяаллын талаарх удаан үргэлжилсэн газар нутгийн маргааны улмаас хурцадмал байдалтай байгаа билээ.
 
Өнгөрсөн дайнд учруулсан хохирлын төлөө Япон улс хариуцлагаа хүлээхээс татгалзаж байна гэж Хятад улс үзэж байгаагаас үүдэн хоёр улсын харилцаа мөн хурцдаад байгаа юм.
 
Хятадын тэнгисийн цэрэг Зүүн Хятадын тэнгисээс Номхон далайд хүрэхийн тулд Мияакогийн хоолойг стратегийн зам болгон ашигладаг ажээ. Энэ сарын эхээр Хятадын бөмбөгдөгч, сөнөөгч болон агаарт шатахуунаар цэнэглэгч нисэх онгоцууд Номхон далайн баруун хэсэгт цэргийн сургуулилт хийхийн тулд Тайван болон Филиппин улсуудыг заагладаг Баши сувгаар нисч өнгөрч байжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг