sonin.mn
ЙОХАННЕСБУРГ. /Anadolu/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ Йоханнесбург хотод зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах асуудлаарх олон улсын бага хурал болж байна.
 
Зааны соёог худалдахыг бүрмөсөн хориглох, могой загасыг хамгаалах зэрэг асуудлууд нь уг уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдвүүд юм.
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн уулзалтад 180 орчим улсын төлөөлөгчид оролцож байна.
 
Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн уулзалтын нээлтэд ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума оролцон үг хэлэхдээ “хирс зэрэг зэрлэг ан амьтад хулгайн анд ихээхэн өртөж байна” гээд, хулгайн анчидтай тэмцэхийн тулд дорвитой, нэгдсэн арга хэмжээ авахыг улс орнуудад уриалжээ.
 
Африкийн зааныг хэрхэн хамгаалах тухай асуудал мөн анхаарал татаж байна. Хулгайн ангийн улмаас энэ зааны тоо толгой эрс цөөрчээ. Соёог нь авах зорилгоор зааныг хулгайгаар агнасаар байгаа юм.
 
Зааны соёог худалдахыг 1990 оноос хойш олон улсад үндсэндээ хориглосон боловч дотоодын зах зээлд худалдахыг зөвшөөрдөг байна. Хулгайн анг үндсээр нь устгахын тулд зааны соёог дотоодод худалдахыг ч мөн адил хориглох хэрэгтэй гэж Африкийн улсууд болон бусад талууд үзэж байна. Үүнтэй холбоотойгоор, дотоодын зах зээлд зааны соёог худалдахыг хориглох тухай тогтоолын төслийг холбогдох талууд өргөн барьжээ.
 
Мөн могой загасыг хамгаалах асуудлыг энэ бага хурлын үеэр онцлон хэлэлцэх төлөвтэй байна. Япон бол могой загасны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг улс юм. Европын Холбооноос явуулсан могой загасны худалдааны талаарх судалгаанд дурдсанаар, дэлхийн хэмжээнд энэ загас устаж үгүй болох аюулд ороод байна.
Ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бага хуралд 3000 гаруй төлөөлөгч, тэдний дотор ТББ-ын ажилтнууд болон шинжээчид оролцож байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг