sonin.mn
“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино энэ сарын 28-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ.
 
Энэ талаар уран бүтээлчид нь өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
“Хүлэгү пикчерс”-ийн бүтээл уг киноны зохиолч, продюссерээр Т.Номуунзул, ерөнхий найруулагчаар “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Lovers” зэрэг бүтээлээрээ Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзлээд буй найруулагч Ж.Сэнгэдорж нар тус тус ажиллажээ.
Эл бүтээлд тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг үзүүлэх юм.
 
Киноны зохиолч, продюссер Т.Номуунзул: Кино зохиолыг нийт 5 сарын турш бичиж энэ оны гуравдугаар сард дууссан.  Зохиолын хувьд тамирчдын бэлтгэл сургуулилт, тэсвэр тэвчээрээс гадна сэтгэл зүйн байдлыг тодотгож гаргахыг зорьсон. Харин Сумъяагийн хувьд өөрөө маш эрч хүчтэй, дайчин, зорилгодоо тууштай байж чаддаг, хүний сэтгэлийг татсан зүйл харагдсан учраас сонгосон. Энэ кино баримтат уран сайхны кино биш тухайн хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино гэдгийг үзэгчид ойлгоорой” гэсэн юм.
 
Найруулагч Ж.Сэнгэдорж: Номуунзул зохиолч маань асар их алсын хараатай, зөн бэлгэтэй хүн юм. Тиймээс Риогийн олимпод амжилт гаргана гэдгийг жилийн өмнөөс олж харж энэ уран бүтээл эхэлсэн. Энэ бүтээлээрээ спортод амжилт гаргасан бүхий л хүмүүсийн дотоод сэтгэл зүйг алдалгүй гаргаж, уран сайхны бүтээл тал руугаа хандуулахыг хичээлээ. Бодит хүний амьдралаас, тэр тусмаа хажууд байгаа хүний амьдралаас сэдэвлэж кино хийнэ гэдэг асар хэцүү. Дэлхийн хэмжээний том тамирчны амьдралаас сэдэвлэж кино хийж, тэр хүн нь хажууд зөвлөгөө өгөөд зураг авалтад оролцоно гэдэг бидэнд асар хүнд хариуцлага болж байсан. Монгол хүний дайчин эрэмгий чанар энэ киноноос харагдах болно.
 
МУГТ Д.Сумъяа: Миний амьдралаас сэдэвлэсэн кино удахгүй гарах гэж байгаа учраас тэсэн ядан хүлээж байна. Зохиолч Номуунзул эгчтэй анх 2015 оны арван нэгдүгээр сард уулзаж байсан. Анх надад миний амьдралаар сэдэвлэсэн уран сахйны кино хийвэл ямар вэ гэхэд хэн хүний амьдралд тохиолдохгүй зүйл байсан учраас баяртай хүлээж авсан. Үүний хажуугаар удахгүй олимп болох гэж байсан болохоор тэмцээндээ ач холбогдол өгч, бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх хэрэгтэй гэж бодож байсан. Зураг авалтын үеэр киноны гол дүрд тоглосон охинд өөрийн үндсэн мэхээ яаж хийх, ямар эмоци гаргах гэхчлэн өөрийн чадлын хэрээр зааж зөвлөсөн.
 
Жүдоч Д.Сумъяагийн дүрийг жүжигчин Т.Жинжмаа бүтээсэн бол Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тус кинонд тогложээ. 
Киноны зураг авалт өнгөрсөн тавдугаар сард эхэлж долдугаар сард дуусчээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг