sonin.mn
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд 59 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэгийн цогцолбор өнөөдөр нээлтээ хийв.
 
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар баригдсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь цэцэрлэгийн насны хүүхэд, 180 бага ангийн хүүхдүүдийг хүлээн авах хүчин чадалтай. 
 
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ, "Манай дүүргийн Өлзийт хороолол ирээдүйд 60 орчим мянган хүн амтай, эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн бүс нутаг болон хөгжинө. Тэр ажлын эхлэлийг бид өнөөдөр харж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд сурагчдын автобусны асуудалд анхаарлаа хандуулаач гэсэн хүсэлтийг тавихад улсын төсөвт оруулна гэж амалсан. Удахгүй манай сургууль автобустай болох нь. Сургуулийн нээлт гэдэг бол хүүхэд багачуудын хувьд их том баяр байдаг. Хүүхдүүд минь энэ сайхан шинэ сургуульдаа ихийг сурч сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе" гэв.
 
Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга н.Ариунбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлстийн дарга С.Эрдэнэчимэг болон багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. 
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг