sonin.mn
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Ш.Паламдоржтой ярилцлаа. Тэрээр Монгол Улсын батлан хамгаалах бодлого, терроризмын аюулыг хэрхэн сөрөх тухай ингэж ярьж байна.
 
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын талаар  ярилцлагаа эхлэх үү?
 
-Улс орны аюулгүй байдлыг хангах үндсэн асуудлуудын нэг нь батлан хамгаалах бодлого, түүнийг хэрэгжүүлэх явдал.
 
Батлан хамгаалах нь баялаг бүтээхээс чухал. Монгол Улсын соёлын агуу өв, бүтээн байгуулалт, уламжлагдаж ирсэн зан заншил, шинжлэх ухааны мэдлэг, хүний оюун ухаан, төлөвшил хүмүүжил, ёс суртахуун бүхэн өөрөө олон зуун жил бүтээгддэг учраас түүнийг хамгаална гэдэг асар чухал. Өнөө үед батлан хамгаалахын эсрэг аюул ихэссэн байна. Аюул бол зэвсэг барьсан дайсан, хүн алдаг зүйлээр хязгаарлагдахгүй.
 
Түүнээс нарийн олон янзын аюул бий болсон. Батлан хамгаалах асуудал нь өөрөө цөөн хүн амтай улс үндэстний хувьд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Одоо бол буу барьсан цэргээс гадна терроризмын аюул бий болсон. Тийм ч учраас НҮБ-ын ерөнхий асамблейн 71 дүгээр чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж терроризмын аюулын тухай хөндөж ярилаа.
 
-Манай улсын хувьд терроризмын аюул яагаад гарч ирэв?
 
-Хуучин нийгмийн үед, Марксизм-ленинизмийн онолоор хүний нийгмийг хоёр ангид хувааж байсан. Ядуус болон баячууд гэж. Хоёр ангийн хооронд эсрэг, тэсрэг үзэл санаа бий болж, өөр өөрсдийн эрх ашгийн төлөөх ангийн тэмцлийн онол, практик бий болсон түүхтэй. Өнөөдөр дэлхий нийтэд ардчилал гэдэг сайхан үзэл санаа, үйл явц бий болжээ. Үүгээр хүний нийгмийг олон давхаргаас бүрдэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Үгээгүй ядуу, нэн ядуу, ядуу, дундаж давхарга, баячууд гэх мэт. Нийгэм хэзээ тогтвортой байдаг вэ гэвэл дундчууд хэдий чинээ олон байна тэр хэрээр тогтвортой байж өөрийнхөө эрх ашгийг хамгаалах чадвартай, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудал сайн байдгийг өндөр хөгжилтэй орнуудын туршлага харуулж байна.
 
Терроризм, терроризмын эсрэг дайн гэсэн хоёр өөр ойлголт бий. Терроризм бол нэн ядуучуудын тэмцэл явуулах арга, хүчтэй стратеги. Түүний эсрэг явуулж байгаа дайныг хүчтэйчүүдийн хүчгүй стратеги гэж нэрлээд байгаа юм. Терроризмын аюулын учир шалтгаан олон янз. Бид өнгөц харахад шашны, хэт туйлширсан үзэлтэй хүмүүс аюул үүсгээд байгаа юм шиг боловч үнэн чанартаа тийм биш юм. Энэ бол терроризм үүсч байгаагийн нэг л хэсэг нь. Улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө хэдэн үеэр тэмцсэн улс орон байна. Гурван сая монголчууд тусгаар тогтнолоо олчихсон байхад 30 сая хүнтэй курдүүд тусгаар тогтнолоо олоогүй байна. Иран, Ирак, Сири, Турктэй терроризм өрнүүлээд байгаа нь курдүүд.
 
Судлаачийн хувьд үзэж байгаагаар, Монгол Улс Америкийг дагаад хандлагаа өөрчлөөд байх нь зөв үү, буруу юу. Монгол Улс терроризмын тухай асуудалд өөрийн гэсэн байр суурьтай байх учиртай. Монгол, терроризмоос ангид байгаа цөөн улсын нэг. Гэхдээ бид өнөөдөр сэтгэл амгалан байж болохгүй. Яагаад гэвэл террористууд хилийн гаднаас Монголд үйлчилж болно. Хилийн дотор орж ирээд террорист ажиллагаа явуулж болно, монгол хүнийг гадаадад аваачаад боловсруулаад террорист болгож мэднэ. Тиймээс терроризмын аюулаас манай улс ангид байна гэж үзэх нь хязгаарлагдмал ойлголт юм.
 
-Манай улсад терроризмтой тэмцэх чиг үүрэгтэй олон байгууллага байгаа. Судлаач хүний хувьд тэдгээрийн үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгөх вэ?
 
-Терроризмтой тэмцэх асуудлыг бид олон удаа хурал цуглаан хийж ярьж байгаа. Терроризмтой тэмцэх тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд учраа олохгүй байна. Тэмцэх арга, механизмаа боловсруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хил, гаалийнхан гэх мэт энэ асуудалд хамааралтай төрийн бүх байгууллага, дэлхийн бүх террорист байгууллагын нэрсийн жагсаалттай, томоохон террористуудын төлөөллийн зурагтай, түүний гар хөл бологсдын ч зурагтай байх ёстой. Тэр лавлагаагаар хил нэвтрэх бүх хүмүүсийг хянаж шалгаж байх төвшинд хүрэх учиртай. Харамсалтай нь манайд тийм зохион байгуулалт алга. Ярьж л байдаг, сонсч л байдаг, ажил арга хэмжээ явуулахгүй байна.
 
Терроризм зөвхөн бие хүнээр дамжихгүй. Биотерроризм захидлын дугтуйгаар, химийнх хуруу шилээр, эсвэл баллонуудаар, цөмийн терроризм сумны толгойгоор дамжаад орж ирэх эрсдэлтэй. Тэгэхээр тийм террорист үйлдлийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх хяналтын механизм тавьж чадаж байгаа юу, тийм боломж манайд байгаа юу. Түүнийг бүрдүүлсэн үү, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ажил, арга хэмжээ авч байгаа юу гэвэл үгүй. Терроризм судлаачид ч цөөхөн байна. Тиймээс асуудалд хандах байдал бүрхэг байна.
 
-Терроризмын аюул хэдхэн улс орноос хальж дэлхий нийтийн аюул болж хувирч байна. Бүр манай улсад ойртож, аюул учруулж байгаа гэж үзэх судлаач, тоймчид байна?
 
-Монгол Улсад терроризм үүсэх эдийн засгийн үндэслэл бага. Оюун санаа, ухамсарт ч бас байхгүй. Харин терроризмын аюул гаднаас орж ирэх магадлал өндөр. Аль нэгэн улсад хувьсгалын эсрэг бослого, үймээн гарахад хэрэгтнүүд нь ялаас зугтааж нэг тийш гарна. Аль чөлөөтэй нэвтэрч болох улс орон руу зугтаана. Энэ нь өөрөө эрсдлийг дагуулдаг.
 
Тиймээс орогнох, хил нэвтрэх үүд хаалгыг чангатгах ёстой юм. Хилийн цэрэг, гааль, хяналтын байгууллага, гадаад харилцаа, сөрөх таг­нуулын байгуул­лагынхан терроризмтой тэмцэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, үүнийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгох ёстой гэсэн санаа. Хамгаалалтыг чангатгаж, сонор сэрэмжийг дээшлүүлэх нь бүх хүний бодууштай зүйл. Түүнээс гадна хууль эрх зүйн үндсийг чангатгаж, бодлогоо тодорхой болгох нь чухал. Стратегийн үүднээс харахад хойд, урд хөрштэйгөө энэ чиглэлд маш сайн хамтын ажиллагаа өрнүүлэх явдал гол нь.
 
Тэгж байж манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол баталгаажина. Аливаа жижиг үндэстний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааны ивээл, хэлэлцээрийн үр дүн байдаг. Тиймээс манайх барууны орнуудыг дээдлээд, сүлэлдээд байхаас илүүтэй хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байх нь чухал. Үнэндээ бид Америк, Англи, Африкийн орнуудаас цэнэгтэй АК ч оруулж ирж чадахгүй. Яагаад гэвэл тэр зэвсгийг нэвтрүүлдэг урд, хойд хоёр хөрш тусгай хуультай, тогтоол шийдвэрээр манайх руу оруулна. Гурав дахь хөршийн бодлого эдийн засгийн хувьд байж болох ч, стратегийн зориулалттай бүтээгдэхүүний хувьд ерөөсөө байх боломжгүй.
 
-Тэгвэл бид терроризмын эсрэг тактик, стратеги боловсруулах шаардлагатай гэж ойлгож болох уу?
 
-Терроризмтой тэмцэх тактикаа боловсруулах хэрэгтэй. Тэр нь янз бүрийн хэлбэр агуулга, төвшинтэй байна. Тэсэлгээ хийдэг терроризмтой тэмцэх нэг өөр. Үй олноор хөнөөх зэвсэгт терроризмтой, шинэ технологи эзэмшсэн терроризмтой тэмцэх арга өөр, өөр. Өнөө үед терроризмын аюул мэдээллээр дамжиж байна. Мэдээллийн аюулд өртөж байгаа хүмүүс олон байна.
 
Терроризмын илрэх хэлбэр бүрт таарч тохирсон тактикийн ажиллагаа хэрэгтэй. Энэ тал дээр л манай мэргэжлийн байгууллагууд арга тактикаа боловсруулж чадаагүй шахам байна. Ярих нэг хэрэг. Ярьсныг ажил болгох том асуудал. Зохион байгуулалтын дараа үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэх алхам бас байна. Механизм нь ажиллахгүй бол хэчнээн сайхан юм бүтээгээд ч нэмэргүй. Тэмцлийн стратеги, тактик бол улс, цэргийн нууцад хамаарах асуудал. Тиймээс дэлгэрүүлж яриад байх юм бага байна.
 
-Манай улсын зэр зэвсгийн хангамжаас эхлээд батлан хамгаалах бодлого суларч байна гэх юм?
 
-Монгол Улс батлан хамгаалах бодлогодоо сул анхаардаг гэдэгтэй бол би санал нийлэхгүй. Батлан хамгаалах төрийн бодлогыг УИХ тодорхойлсон. Батлан хамгаалах асуудалтай холбоотой багц хууль саяхан батлагдлаа. Урьд нь ч байсан. Өнөөдөр улам тодорхой, боловсронгуй болгосон хэрэг.
 
Аливаа улс оронтой батлан хамгаалах асуудлаар хамтран ажиллана гэдэг тэр улсын зэр зэвсгээс илүү ард түмэн нь эх орныхоо төлөө гэсэн ухамсар, сэтгэлзүй, уламжлал, оюун ухаан нь ямар байгаад тулгуурладаг.
 
Эх орноо хамгаалахад ишгүй хутга ч хэрэг болно. Танк, их буу, сөнөөгч, бөмбөгдөгч онгоц бол хүчтэй хэрэгсэл. Сумтай АК барьсан дээрэмчнээр төсөөлөөд үзэхээр гартаа зэвсэггүй хүмүүст хичнээн их аюул учруулах нь ойлгомжтой шүү дээ.  Эх орноо хамгаалахад ард иргэд нь оюун, санаа ухамсараар дээд зэргээр бэлтгэгдсэн байх учиртай. Монголын зэвсэгт хүчний зэр зэвсэг хуучирсан, муудсан, үеэ өнгөрөөсөн гэх хүмүүс байдаг. Энэ бол зүгээр л үг. Цэргийн амьдралыг мэддэггүй, гранат барьж үзээгүй, танктай тэмцэж үзээгүй хүмүүсийн үг. Аливаа асуудлыг ярихдаа өөрийн мэргэжил мэдлэгтээ тохирсон зүйлийг ярих хэрэгтэй. 
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин