sonin.mn
Африк тивийн зааны сүргийн тоо толгой 2006-2015 онд 20 хувиар буурсан хэмээн Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдэгдлээ. Энэ амьтны соёог худалдан борлуулах гэсэн хулгайн ан ихээхэн нэмэгдсэн нь гол шалтгаан болж байна.
 
Өмнөд Африкийн Иоханнесбург хотод болж буй Аюулд орсон амьтдын олон улсын худалдааны талаарх конвенц (CITES)-ийн долоо дахь уулзалт дээр зааныг хулгайгаар агнах явдал эрс нэмэгдсэнийг нухацтай хэлэлцэж байгаа юм. Африкийн олон улс заан агнах тоо, хязгаараа зөрчин үүргээ биелүүлэхгүй байгаа аж. Байгаль хамгаалах олон улсын холбооноос мэдэгдэж буйгаар, сүүлийн 25 жилд Африк тивийн зааны сүрэг 111 мянган тоо толгойгоор багасчээ. Ингэж огцом буурч байсан тохиолдол урьд өмнө байсангүй. Эдүгээ Хар тив дахь зааны тоо толгой 415 мянга болсон хэмээн онцоллоо.
 
“Засгийн газрууд энэхүү гамшигт байдлыг таслан зогсоохын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэйг энэ тоо баримт харуулж байна” хэмээн Зэрлэг байгалийг хамгаалах нийгэмлэгийн (Wildlife Conservation Society) төлөөлөгч Сюзан Либерман мэдэгдэв. Хулгайн анчид Африкийн энэхүү сүрлэг амьтныг хайр найргүй сүйтгэж, хөнөөж байгаа нь түгшүүр төрүүлж байна хэмээн Байгаль хамгаалах олон улсын холбооны тэргүүн Ингер Андерсен ярилаа. Зааны соёоны хууль бус наймаа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 180 орныг нэгтгэдэг CITES-ийн конвенцийг хүчин мөхөс болгож байгаа аж.
 
Ази тивийн зах зээл дээр зааны соёоны эрэлт ихээхэн нэмэгдсэн нь хулгайн анчдыг өөгшүүлж байна. Азийн иргэд зааны соёог гоёл чимэглэлд өргөн ашиглах болсон нь Африкийн зааныг ихээр агнах нэг шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Иоханнесбургт болж буй хурлаар зааны соёоны наймаанд тавих хяналтыг нэмэгдүүлэх талаар нухацтай ярилцаж байна. Намиб, Зимбабве улс НҮБ-д хандаж энэ төрлийн худалдаа, наймаанд дэлхий даяар хориг тавих санал дэв­шүүл­жээ. Харин Кени улс энэ саналыг эрс эсэргүүцэж “Хориг тавьс­наар хулгайн анг улам гааруулна” хэмээн мэдэгдэв.
 
Өмнөд Судан, Либери, Төв Африкийн бүгд найрамдах улс заа­ны сүргийнхээ тоог тодор­хой гаргаж өгсөнгүй. Зааны тооллогыг нарийн явуул­даг Танзани улсад гэхэд л сүү­лийн есөн жилд зааны тоо толгой 60 хувиар буур­чээ. Мозамбикт бас л эрс буурсан дүн гарсан байна. Намиб, Зимбабве улс нарийн тооллого хийгээгүй ч зааны сүргийн тоо толгой тогтвортой бай­гаа хэмээн мэдээлэв. Харин Өмнөд Африк болон Ботсван улсад зааны тоо нэмэгдсэн аж. Гэвч нийт дүнгээр нь авч үзвэл Африкийн заан улам цөөрч, аюулд орсон нь харагдаж байна. Зааны соёоны худалдаа, най­маан дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол зааны тоо толгой улам буурах болно хэмээн анхаарууллаа.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин