sonin.mn
   Авлигатай тэмцэх газар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулаад байна. “Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайлангаас дорх дүгнэлтийг үзэж болно.  
 
    Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өсчээ. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн байна. Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурсан боловч 2015 онд энэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт юм. 
 
“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг. Тэд өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын гол  зөрчил болоод байгааг онцолжээ. 
 
Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасны дагуу уг судалгааг хийсэн байна. Харин энэ судалгааны дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог гэдгийг ч АТГ-ын судалгаанд дурдсан байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг