sonin.mn
Монголын Залуучуудын холбооны удирдлагууд өнөөдөр загвар өмсөгч Э.Энхболдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
 
Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй. Иймд тус холбооноос салбар бүрийн тэргүүлэгч залуусыг хүлээн авч, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байна. Энэ удаагийн зочноор уригдсан загвар өмсөгч Э.Энхболд нь энэ сарын 9-11-ний өдрүүдэд Хонгконгод болсон “Олон улсын загварын супер модель” тэмцээнээс "Гран При" шагнал хүртсэн. 
 
Тус тэмцээнд 10 орны 50 гаруй загвар өмсөгч оролцжээ. Манай улсаас Э.Энхболдоос гадна хоёр эмэгтэй загвар өмсөгч оролцож, нийт 6 төрлийн шагналын эзэн болсон амжилт үзүүлжээ. Э.Энхболдын хувьд "Гран При"-гаас гадна "Social media award", "Photogenic award" гэсэн хоёр шагналтай эх орондоо эргэж ирсэн.
МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү энэ үеэр Монголын шинэ үеийн залуусын нүүр царай болж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасанд нь талархал дэвшүүлээд загвар өмсөгч Э.Энхболдод тус холбооны "Тэргүүний залуу" цол тэмдгийг гардууллаа.
 
Загвар өмсөгч Э.Энхболд энэхүү тэмцээний үр дүнд гадны уран бүтээлчдийн анхааралд өртөж, 2-3 киноны санал хүлээж авсан байна. Тэрбээр энэ жил "Боловсрол" ТВ-ээс зохион байгуулсан "Яг түүн шиг" реалити шоунд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн энэ сарын 24-нд нээлтээ хийгээд буй "Галзуу зугаалга" кинонд анхныхаа дүрийг бүтээсэн аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг