sonin.mn
ЖЕНЕВ. /Xinhua/. Сирийн хойд нутгийн Алеппо хотод агаараас цохилт өгсөөр байгаатай холбоотойгоор эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрч, эм тарианы нөөц дуусч байна гэж нэгэн эмч ярилаа.
 
Сири дэх Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгийн эмч Абд Арраман Аломар даваа гарагт Женев хотод НҮБ-ын байранд сэтгүүлчдэд энэ тухай ярьсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Алеппо хотын зүүн дүүргийн эмнэлгүүд бүгд эм тарианы хомсдолд ороод байна. Эмнэлгүүд ердөө 20 хоногийн нөөцтэй байна” гэжээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засгийн газрын цэргүүд бүслээд байгаа учир босогчдын хяналтанд буй Алеппогийн зүүн хэсэгт хангалт хүргэх боломжгүй байгаа юм.
 
Аломар эмчийн ярьснаар, Алеппогийн зүүн хэсэгт 300 мянга орчим хүн бүслэлтэд ороод байгаа аж.
 
АНУ болон ОХУ-ын зуучлалаар Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн энэ сарын 12-ноос гал зогсоож эхэлсэн юм. Гэсэн хэдий ч байлдааны ажиллагаа үргэлжилж, засгийн газрын хүчнийхэн болон түүний холбоотнууд Алеппод агаараас цохилт өгсөөр байна.
Өнгөрсөн долоо хоногт тус хотод 200 гаруй иргэн амь үрэгджээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг