sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп, Хиллари Клинтон нарын хооронд болсон анхны мэтгэлцээн тэнцээгээр өндөрлөлөө гэж Теннеси муж улсын их сургуулийн профессор А.Коробков дүгнэж байна.
 
Түүний бичсэн дүгнэлтийг сийрүүлвээс:
 
“Хоёр улстөрч хоёулаа тавьсан зорилгодоо хүрч чадсан боловч аль нь ч  итгэлтэйгээр ялалт байгуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, тэд хоёулаа хүч тэнцүү байлаа.
Клинтоны хувьд, тэрбээр хатуу ширүүн үг яриатай, аливаа асуудлыг гүн гүнзгий нарийвчлан ярьж чаддаг гэдгээ харуулж чаджээ.
 
Харин Трамп ердийн хэв  маягаар ярьж байсан бөгөөд түүний биеэ авч явж буй байдал нь туршлагагүй улстөрч гэдгийг нь илтгэсэн. Гэхдээ тэрбээр өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг барьж чадаж байсан нь тун чухал юм. Дүгнээд хэлбэл, хоёр нэр дэвшигч хүрье гэсэн зорилгодоо хүрч чадсан боловч жингийн туухайг аль нэг тал руу хэлбийлгэж чадахаар тийм урагш цойлсон зүйл хийж чадсангүй.  
 
Трампын хувьд, эдийн засаг, гадаад худалдааны сэдвээр ярих үедээ давамгайлах хандлагатай байсан боловч Обама хаана төрсөн тухай асуудлыг хөндсөн нь илүүц хэрэг боллоо.
Гадаад бодлогын тал дээр мэтгэлцэгч талууд нэлээд өөр байр суурьтай байгаа нь ажиглагдсан юм. Эл байдал нь хоёр зүйлээр илэрч байв. Юуны өмнө гадаад бодлогын үзэл баримтлалын тухайд нэр дэвшигчдийн чиг шугам зөрөөтэй нь харагдлаа.
Хиллари Клинтон хүйтэн дайны чиг шугамыг үргэлжлүүлж магадгүй гэж харагдаж байна. Түүний хувьд Америкийн гадаад бодлогын гол зорилго бол “аймшигт Орос”-оос Европыг хамгаалах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх явдал ажээ.
 
Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх явдалтай Трамп санал нэг байгаа юм. Тэрбээр мэтгэлцээний явцад хэлэхдээ, АНУ-ын гаргаж буй цэргийн зардлыг холбоотон орнууд хуваалцан төлөх ёстой, НАТО-гийн гишүүн орнуудаас гадна бусад улсуудтай хамтран “Лалын улс”-ын эсрэг тэмцэх хэрэгтэй гэсэн зарчмын байр сууриа дахин нотоллоо.
 
Нэр дэвшигчдийн санал зөрөлдөж буй хоёрдахь сэдэв бол үндэстэн ястны асуудал юм. Хиллари хэлэхдээ, үндэстний цөөнхүүд цаашид давуу эрх эдлэх ёстой бөгөөд энэ нь юуны өмнө хар арьст америкчуудад хамаатай гэдгийг дурджээ. Энэ бол Ардчилсан намын төдийгүй Америкийн улстөрийн дээд түвшнийхний байр суурь мөн гэдгийг тэрбээр онцолсон байна.  
 
Харин Трамп энэ бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хамгийн гол нь хууль, дэг журмыг чангатгах хэрэгтэй, өөрөөр хэлбэл, цагдаа нарыг дэмжих хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.
 
Энд гарч буй гол зарчмын ялгааг дурдваас, Хилларигийн байр суурь нь хар арьст америкчууд болон бусад үндэстний цөөнхүүдэд таалагдаж байгаа бол Трампын хувьд дундаж давхаргын цагаан арьст америкчуудын үзэл бодлыг илэрхийллээ.
 
Трампын хувьд хоёр асуудлаар радикал байр суурьтай гэдэг нь мэтгэлцээний үеэр тодорхой харагдаж байв. Юуны өмнө, тэрбээр Ирантай цөмийн асуудлаар гэрээ байгуулахын эсрэг зогсч байна. Хоёрдугаарт, НАФТА буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн талаар хэлэлцээр байгуулахын эсрэг хатуу байртай байгаа юм. Эл хоёр асуудлаар тэрбээр Клинтонтой үзэл бодол илт зөрчилдөж байна гэж үзэж болно.
 
Харин теле мэтгэлцээний дүн сонгуулийн кампанит ажилд хэрхэн нөлөөлөх тухайд, Трампын талаар ямар нэгэн таамаглал, дүгнэлт хийх нь ач холбогдол багатай, учир нь олон нийт болон сонгогчдын реакци буюу хариу хандлага нь мэргэжлийн хүмүүсийн хийсэн дүгнэлтээс зөрөх нь олонтоо байдаг. Энэ асуудалд академик байр сууринаас, дундыг барьсан байр сууринаас хандахыг хичээж буй улстөр судлаачид Трампын онцлог байдлыг дутуу үнэлсэн хэвээр л байна. Учир нь, Трамп тоглоомын дүрмийг баримтлахгүй байгаа юм".
 
Эх сурвалж: tass.ru  
Б.Адъяахүү  
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг