sonin.mn
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МТЗҮЭХ/ Улаанбаатар Төмөр замын /УБТЗ/ дарга болон орлогч даргыг томилох асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүсэлт гаргав.
 
Энэ талаар өнөөдөр МТЗҮЭХ-ны дэд дарга Б.Баяраа, орон тооны бус дэд дарга Б.Алтанхуяг, Улаанбаатар-татах хэсгийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Наранхүү, Улаанбаатар цахилгаан депогийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Чинбат нар мэдээлэл хийв. МТЗҮЭХ-ны дэд дарга Б.Баяраа “УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдээр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилсон.
 
Өнгөрөгч 8 жилд хийсэн улс төрийн томилгооноос болж манай улсын төмөр замын салбарын хөгжил дэлхийн жишгээс дэндүү хоцорсон. Харин одоо Д.Загджав гэх төмөр замын үнэр ч үгүй хүнээр УБТЗ-ын удирдлагын бүтэц, ирээдүйн хувь заяаг жолоодуулах улс төрийн тохиролцоо явж байгаа талаар мэдээлэл гарч байна. Тиймээс энэ салбарын хөгжлийг бодож УБТЗ-ын даргыг мэргэжлийн хүнээр томилохыг хүсч байна” гэлээ.
 
Дээрх хүмүүс өмнө нь Ерөнхий сайдад хаяглан хоёр ч удаа хүсэлт илгээсэн ч хариу аваагүй гэв. Энэ удаагийн хүсэлтийг Ерөнхий сайдаас гадна Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нарт илгээсэн байна. Үүнээс гадна өнөөдөр ОХУ-д УБТЗ-ын  даргыг сонгох хурал болж байгаа бөгөөд хурлаас ямар шийдвэр гарахаас шалтгаалан дараа, дараагийн арга хэмжээг авна гэлээ.
 
Г.Даваамаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг