sonin.mn
БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод зорчиж буй иргэдэд аяллын зорилгоо нотлох баримт бичгийг сайтар хангаж, бүрдүүлэн зорчихыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна. 
 
Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Гэвч сүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой гэдгийг Гадаад харилцааны яамнаас тодотгож байна. Мөн буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баримт, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна.
 
Тиймээс хэрэв тус хотод аялахаар зорихдоо аяллын зорилгоо нотлох баримт бичгийг сайтар бүрдүүлэхийг Гадаад харилцааны яамнаас иргэддээ зөвлөж байна. 
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг