sonin.mn
ХСҮТ-өөс санаачлан ХААН банк, МҮОНРТ-тэй хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хаалтын ажиллагаа өчигдөр Сэлэнгэ аймагт боллоо.
 
Тус аян нь хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой.
 
Энэ удаагийн аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Архангай, Ховд, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг нийт найман аймагт ажиллаж байгаа билээ. ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт 1593, Өмнөговь аймагт 1645, Дорнод аймагт 1507, Архангай аймагт 2436, Ховд аймагт 2585, Хөвсгөл аймагт 2331, Завхан аймагт 2000 хүнд үзлэг, оношилгоо хийгээд байна.
 
Сэлэнгэ аймгийн хувьд тус аяныг өдгөө тав дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн /2011-2014/ хугацаанд нийт 6466 хүнд үзлэг оношилгоо хийж, хортой хавдрын 22 шинэ тохиолдол илрүүлэн хавдрын нарийн мэргэжлийн зохих тусламж үйлчилгээг үзүүлжээ. 2015 оны байдлаар тус аймагт 232 хүн хорт хавдраар өвчилж, 135 хүн хорт хавдрын улмаас нас барсан бол өдгөө 656 хүн хавдрын улмаас эмчийн хяналтад байдаг аж.
 
Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Эрдэм шинжилгээ, сургалт, төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал О.Баяр, ХААН банкны Салбарын удирдлага хариуцсан захирал Ж.Ганбат, ХААН банкны Сэлэнгэ салбарын захирал О.Дамдинсүрэн, МҮОНРТ-ийн дэд захирал Ч.Батцэнгэл, Ц.Бадамсүрэн ахлагчтай ХСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Болормаа, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэнд хариуцсан хэлтсийн дарга Н.Даваасүрэн нар болон албаны бусад хүмүүс, эмч мэргэжилтнүүд, ард иргэд оролцов.  
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг