sonin.mn
БСШУС-ын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд ноён Ван Гангийн урилгаар энэ сарын 23-24-нд БНХАУ-ын Шанхай хотноо албан ёсны айлчлал хийлээ. 
 
Уулзалтын үеэр талууд  хоёр орны шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, тус салбарт хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт тусгасан ажлын хэрэгжилтэд анхаарал хандуулах, улам өргөжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн хамтын ажиллааг идэвхижүүлэх талаар ярилцав. Түүнчлэн Монголын “Талын зам”, Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгын дагуу шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэсэн юм.
 
Айлчлалын үр дүнд хоёр  орны хамтарсан “Технологийн инкубатор”, “Технологи дамжуулах төв”-ийг байгуулан ажиллуулах, хамтарсан лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дадлагажуулахад чиглэж ажиллахаар болов. Улмаар Монгол Улсад анхны “Шинжлэх ухааны парк”  барьж байгуулах, Монголын өндөр технологийн үндэсний компаниудыг олноор бий болгох ажилд Хятадын талтай хамтран ажиллах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрлээ.
 
Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь Шанхай хотын дарга Яанг Шионгтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт Шанхай хоттой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Тэрбээр айлчлалын хүрээнд “Пужиан Инновацийн чуулга уулзалт”-д  оролцон, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм.