sonin.mn
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав нар өчигдөр Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн газрын Хөтөлбөрийн ахлах ажилтан Адхи Аман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн буюу International IDEA нь 1995 онд 14 орны санал, санаачилгаар нэгдэн байгуулагдсан, одоогоор 29 орон гишүүнээр элсээд байна. Тус хүрээлэн нь дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.
 
Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тус байгууллагын үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж байсан тухайгаа дурдаж, Ардчилал болон сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль, ардчилал зэрэг таван сэдвээр судалгаа, шинжилгээ хийдэг төдийгүй сонгуулийн тогтолцоо, үндсэн хуулийг боловсронгуй болгох талаар ажилладаг болохыг цохон тэмдэглэсэн юм. Тэрээр Монгол Улс ардчиллыг сонгоод даруй 20 гаруй жил өнгөрсөн хэдий ч энэ хугацаанд бидэнд алдсан ба оносон зүйлс бий гэлээ.
 
Ази, Номхон далайн газрын Хөтөлбөрийн ахлах ажилтан Адхи Аман Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр 2016 онд Монгол Улс тус хүрээлэнгийн даргалагч орон болж, бүрэн эрхийнхээ хугацаанд бусад гишүүн орнуудтай туршлага хуваалцах зорилт тавьсан. Үүний дагуу та бүхний туршлагыг судлахын зэрэгцээ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран мэдээллийн технологийг сонгуульд ашиглах асуудлаар гарын авлага боловсруулахаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороотой хамтран маргааш сонгуульд мэдээллийн технологи ашиглах талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулах гэж буйгаа дуулгалаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон гадаад улсад зохион байгуулагдсан сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар харилцан санал, мэдээлэл солилцсон юм.
 
Монгол Улс АСТОУХ-д 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд 2013 онд зохион байгуулагдсан гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанаас Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2016 онд Монгол Улс тус хүрээлэнгийн даргалагч орон болж, хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төдийгүй жилийн Зөвлөлийн Ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажилласан.
 
2016 оны ээлжит хуралдаан, Зөвлөлийн Ээлжит 25 дахь удаагийн хуралдааныг “Ази, номхон далайн орнуудын ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдвийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.