sonin.mn
НАЙРОБИ. /Anadolu/. Кени улс сүрьеэг эмчлэхэд зориулан хүүхдэд ээлтэй шинэ эм тариа гарган авсан анхны орон боллоо.
 
Мягмар гарагт болсон шинэ эм тариаг танилцуулах ёслолын үеэр Кенийн Эрүүл мэндийн сайд Клеопа Майлу хэлэхдээ “энэ цагаас хойш Кенид нэг ч хүүхэд сүрьеэ гэдэг халдварт өвчнөөр нас барахгүй” гэжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Кени хүүхдүүдэд зориулсан сүрьеэгийн сайжруулсан эм тариаг гаргасан анхны улс болсноор хүүхдийг бага балчир үед нь сүрьеэ тусахаас урьдчилан сэргийлэх ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх боллоо” гэжээ.
 
“TB Alliance” буюу “Сүрьеэг эмчлэх эм гарган авах дэлхийн холбоо” олон улсын ашгийн бус байгууллага Олон улсын эм бэлдмэл арилжаалах байгууллагаас (UNITAID) 16 сая долларын буцалтгүй тусламж авснаар сүрьеэг эмчлэхэд зориулсан эм тариаг гарган авах ажилд оролцсон байна.
 
Кенийн ЭМЯ-ны мэдэгдсэнээр, сүрьеэ нь Зүүн Африкийн тус улсад хүүхдүүдийн аминд хүрч буй гол аюулт өвчин ажээ.ДЭМБ-ын шинэчилсэн тайлан мэдээнээс үзвэл, дэлхийн хэмжээнд жилд наад зах нь нэг сая хүүхэд сүрьеэ тусдаг бөгөөд тэдний 140 мянга нь энэ өвчнөөр амиа алддаг байна.
 
Кенийн нийт сүрьеэтэй хүмүүсийн 10 хувийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд сүрьеэгийн тохиолдлуудын 2-3 хувь нь огт эмчлэгддэггүй аж. 2015 онд тус улсад 7000 хүүхэд сүрьеэ тусчээ. Бүртгэгдээгүй цөөнгүй тохиолдол байх магадлалтай тул үүнээс ч олон хүүхэд халдвар авсан байж болзошгүй.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг