sonin.mn
Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд нээлтээ хийлээ.
 
Хоёр өдөр үргэлжлэх уг хурлыг Гадаад харилцааны яам, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл, Улаанбаатар дахь Энэтхэгийн Элчин сайдын яам, МУИС, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулж байна. Бага хурлын нээлтийн ёслолд Шадар сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ундармаа болон Монгол, Энэтхэгийн Элчин сайдууд, хоёр орны тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, шашны төлөөлөгчид оролцов.
 
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Энэтхэгийн Элчин сайдын яам хамтран “Чингис хаан, түүний өв ба Энэтхэгийн соёл” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Чингис хааны түүхийг таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой. Саяхан 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Үүний дараахан хоёр орны өв соёл, тур тусмаа Чингис хааны түүхэн замналтай холбогдуулж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдол болж байна” гэлээ.
 
Энэ удаагийн хуралд Энэтхэг улсын Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч, нэрт монголч эрдэмтэн, доктор Локеш Чандра болон монгол гаралтай хүмүүсийн оршин суудаг мужаас сонгогдсон Энэтхэгийн парламентын гишүүн, Гадаад дахь соёлын харилцааны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Энэтхэгийн томоохон их дээд сургуулиудын захирлууд, профессорууд,  төвд судлал, буддын судлалаар нэвтэрсэн Төвд судлалын тэргүүн зэрэг 20 орчим нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид оролцож байна.
 
Уг эрдэм шинжилгээний бага хурал Монгол, Энэтхэгийн хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Хоёр орны түүхэн хэлхээ холбоо 2200 жилийн түүхтэй хэмээн эрдэмтэд шинжлэх ухааны үндэстэй нотолсон байдаг бөгөөд бүхий цаг үед харилцаагаа өргөжүүлж, шинэ салбар нээж иржээ.
 
Ингээд Энэтхэг, Монголын түүхэн харилцааны талаар зарим эрдэмтэн, түүхчдээс сонирхсон юм.
 
 
Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун:
 
-Монгол, Энэтхэг хоёр улсын түүхэн харилцаа хаанаас эхлэлтэй вэ?
 
-Энэтхэг улстай монголчууд анхны төрт улс Хүннүгийн үеэс эхэлж харилцаж ирсэн түүхэн барим бий. Өөрөөр хэлбэл Энэтхэг-Монголын харилцааны эхлэл бол шашин соёлын харилцаа байсан. Энэ харилцаа Монголын их эзэнт гүрний үед буюу Чингис хаан, түүний дараачийн Юань улсын үед илүү эрчимтэй хөгжиж байсан.
 
Түүний дараа Монголын сүүлчийн их эзэн хаан Лигдэн хутагт их хөлгөн судар Данжуурыг монгол хэлээр орчуулах ажлыг хийж байсан. 20 дугаар зуунд Монголчууд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа дэлхийн олон улстай харилцаа тогтооход гуравдагч орнуудаас хамгийн түрүүнд Монголыг хүлээн зөвшөөрч, харилцаа тогтоосон улс бол Энэтхэг. Мөн хүйтэн дайны үед Энэтхэгийн монгол судлаач, шашин судлаачид Монголын судлалыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулж байсан. Өнөөдрийн энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн дэлхийн нэрт монголч эрдэмтэн Локеш Чандрагийн эцэг дэлхийн цорын ганц өв Данжуурыг энэтхэгт хэвлүүлсэн.
 
-Нүүдэлчдийн соёл ахуй харилцаа Энэтхэгт Чингис хаанаар улбаалаад хэрхэн шингэсэн байдаг вэ?
 
-Чингис хааны үед хойд Энэтхэгийн хэсэг монголчуудтай холбоотой. Түүний дараа Цагаадайн хаант улс умард Энэтхэгийн хэсгийг захирч байсан. Дараа нь Монголын угсаатай Доголон Төмөр хааны үед Энэтхэгийг захирах аян дайн болж, Монголын угсаа гаралтай хаадууд Энэтхэгийг захирч байсан. Дэлхийн долоон гайхамшигийн нэг Таж Махалыг байгуулахад Монголын дээдсийн үр удам оролцож байсан. Өнгөрсөн 2 мянган жилийн Монгол, Энэтхэгийг харилцааны түүхийг харах юм бол шашин, соёлын харилцаа тасралтгүй явж ирсэн.
 
-Өнөөдөр хоёр орны түүх, судлаачдын харилцаа ямар түвшинд явж байна вэ?
 
-Энэтхэг, Монголын түүхч, судлаачдын хамтын ажиллагаа өргөжих хандлагатай байгаа. Тэр дундаа шашны харилцаа улам дэлгэрч байна. Цаашдаа Монголын их эзэнт гүрэн, Чингис хаан, түүнээс өмнө Хүннү, Энэтхэгийн хойд хэсэгт нүүдэллэн очсон Цагаан Хүннүчүүдийн түүх соёлыг судлах ажлыг хамтран зохион байгуулна.
 
Энэтхэг улсын Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч, нэрт монголч эрдэмтэн, доктор Локеш Чандра:
 
-Олон жилийн туршлагатай монголч эрдэмтний хувьд Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийг та хэрхэн дүгнэдэг вэ?
 
-Монголчууд бол морин дэл дээр давхиж явдаг ард түмэн. Бидний хоорондын харилцаа 2200 гаруй жилийн түүхтэй. Манай улсын түүхэнд Хүннүчүүдийн тухай бичиж үлдээсэн, Будда буюу Энэтхэгийн алтан үед монголчуудын тухай дурссан олон түүхэн баримт байдаг. Буддын шашин дэлгэрэх үед хэлхээ холбоо улам өргөжиж, энэтхэгчүүдтэй ихээхэн холбоотой уйгарчуудтай бичиг үсгээрээ холбогдож, санскрит үгс Монголд дэлгэрч, одод гаригсын зурхайн ухаан орж ирсэн. Энэтхэгчүүд “0” гэдэг ойлголтыг нээсэн учир зурхайн ухаан маш их дэлгэрсэн байсан. Монголчууд бол тэнгэртэй холбоотой тэнгэр шүтлэгтэй улс. Бидний харилцаа зүгээр нэгэн энгийн харилцаа бус тэнгэрээс ирсэн юм шүү.   
 
-Чингис хаан, түүний өв уламжлал Энэтхэг улстай хэрхэн холбогдож байдаг вэ?
 
-Чингис гэдэг үг нь Энэтхэг Санскрит гаралтай далай гэсэн үг. Европын эрдэмтэд ямар учраас Тэмүүжинг далай гэж нэрлэсэн талаар судалж, зөвлөлддөг. Энэтхэг хэлээр бол далай нь агуу их хэмжээний усыг хэлдэг. Чингис хааны тухай нарийн ойлгохын тулд Буддын бичлэгүүд рүү хандах ёстой. Тэр үед байсан уйгурчуудын бичиг үсгийн соёл түгэн дэлгэрсэн төдийгүй Чингис хаан улс төрийн бодлогодоо уйгурчуудаас их нөлөө авсан байдаг.
 
 
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу:
 
-Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлыг танай ЭСЯ-наас хамтран зохион байгуулж байгаа. Хурлаас ямар үр дүн хүлээж байгаа вэ? 
 
-Чингис хааны өв уламжлалын талаарх энэ хурлыг зохион байгуулах санаачлагыг Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч, Энэтхэгийн нэрт Монгол судлаач Локеш Чандра гаргасан юм. Монгол Энэтхэг улс эртний харилцаатай. Энэтхэг, Монголын харилцаа 2200 жилийн настай гэж Профессор Чандра хэлсэн билээ. Орчин үеийн хоёр талын харилцаа 1990-ээд оны эхэн үе буюу Монгол ардчилсан улс болсноос хойш хөгжиж ирлээ. Өнгөрсөн жил Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлал Энэтхэг Монголын харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд аваачсан юм. Энэ стратегийн түншлэл нь улс төрийн хүрээгээр зогсохгүй эдийн засаг, соёл, худалдаа, боловсрол гэх мэт бусад салбарт ч цэцэглэн хөгжиж байгаа юм. Энэтхэгийн Монголын түншлэлийг дэлгэрүүлэх сонирхол Энэтхэгт бий.
 
-Хоёр орны иргэд хоорондын харилцаа ямар түвшинд байна вэ?
 
-Бурхны шашны бясалгал болон аялал жуулчлалын зорилгоор Монголчууд олноороо Энэтхэг явж байна. Бид хэр их виз өгч байгаагаа мэдэж байгаа. Монголчууд Энэтхэгт аялж, сурч байгаад бид маш их баяртай байдаг. Хоёр улсын хооронд хүн хоорондын харилцаа, солилцоог нэмэгдүүлэх, орчныг нь бүрдүүлэхээр бид ажиллаж байна.
 
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвийг хөндөж хэлэлцэх юм.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг