sonin.mn
Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн хүрээнд өнөөдөр "Глоб интернэшнл" ТББ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм форумоос "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт" сэдэвт үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.
 
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь 2011 оноос эхлэн хэрэгжиж буй. Тус хуулийн зорилт нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг хангасан хууль юм.  
 
Тус хуулиар улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага, бүх шатны шүүх, прокурорын байгууллага зэрэг байгууллагууд мэдээллээ ил тодоор мэдээлэх үүрэг хүлээдэг. Харин зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хууль үйлчлэхгүй байхаар заасан юм.
 
Зөвлөгөөний үеэр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад хийсэн судалгааны дүнг сонсож, тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэх дээр санал солилцлоо. Илтгэгчдийн зүгээс тухайн цаг үед уг хуулийг баталсан нь мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангасан эрх зүйн томоохон баримт бичиг болж чадсан. Гэтэл хууль батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагасан шинэ харилцаа үүссэн. Иймээс хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим хүндрэлийг арилгаж, зохих өөрчлөлт хийх шаардлага урган гараад байна хэмээн ярьж байв.
 
МСНЭ-ийн Ерөнхийлөгч,  "Глоб интернэшнл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Галаарид, "Энэ хууль батлагдсан нь мэдээллийн ил тод байдлыг хангасан нэг том чухал үйл явдал болсон. Гэхдээ анх хүлээж байсан тэр хэмжээнд хүртэл нийгэмд үйлчилж чадахгүй байна. Яагаад гэвэл хуулийг батлахдаа бусад холбогдох хуулинд байгаа хаалт хоригийг цуцлаагүй.
 
Хууль батлагдсан атал өөр хуулийн зүйл заалтаар төрийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд мэдээлэл өгөхгүй байх боломжийг олгоод байна гэсэн үг. Энэ нь иргэнд ч, хэвлэл мэдээллийнхэнд ч хүндрэл учруулж байна. Хуулиар хориглоогүй бүх мэдээллийг төрийн байгууллага нээлттэй өгөх ёстой. Тэр битгий хэл тэрхүү мэдээллийг өгөөгүйн төлөө хариуцлага хүлээхээр хуульчилсан. Гэтэл төрийн байгууллагаас мэдээлэл авах гэхэд Нууцын тухай, Хувь хүний нууцын тухай гэх зэрэг хуулиар халхавчлаад мэдээлэл өгөхгүй байгаа үзэгдэл түгээмэл байна" гэв.
 
"Глоб интернэшнл" ТББ-ын ажилтан Д.Мөнхбүрэн, "Хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа нь гол шалтгаан бол хуулийн зохицуулалт ерөнхий, хязгаарлалт нь өргөн байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийг илүүд үзэж, аливаа мэдээллийг нээлттэй байлгах зарчим суугаагүй учраас шийдвэр гаргах түвшнийхэн бусад хуультай хамаатуулан мэдээлэл өгөхгүй байх нь түгээмэл байна"  гэсэн юм. Түүнчлэн тэрбээр тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд тус байгууллага АТГ-ын захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, УИХ-ын Тамгын газартай хамтарч хуулинд оруулах өөрчлөлт дээр санал боловсруулах ажлыг зохион байгуулж байгаагаа хэллээ.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-ний 38 С/70 шийдвэрээр ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-нийг "Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр" болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ энэхүү өдрийг анх удаагаа тэмдэглэж байгаа аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг