sonin.mn
Сири улсын иргэнийг Монгол Улсын хил нэвтрүүлэхээс татгалзсантай холбогдуулан Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр Чингис хаан нисэх буудалд саатав.
 
Онгоц 11.00 цагт газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилсон юм. Учир нь тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байсан байна. Олон улсын иргэний агаарын тээврийн дүрмийн дагуу тухайн иргэнийг тээвэрлэж ирсэн авиа компани буцаан тээвэрлэх үүрэг хүлээдэг. Харин манай улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дээрхи зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас онгоцны нислэгийг шөнийн 02.45 цаг хүртэл хойшлуулжээ.
 
Гадаадын иргэн харьяатын газраас өгч буй мэдээллээр тус иргэний хил нэвтрүүлээгүй шалтгаан нь өмнө гаргаж байсан зөрчилтэй холбоотой аж. Тодруулбал тэрбээр өмнө нь манай улсад 2012, 2014, 2015 онуудад нэвтэрч байсан бөгөөд 2012 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42.1.11 дэх заалтын дагуу захиргааны арга хэмжээ авахуулж байсан юм байна. Энэ нь уригч талтай холбоотой байсан бөгөөд уригч нь визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн аж. 
 
Харин зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлж буйгаар хил нэвтрүүлэхээс татгалзсан иргэн нь "дүрвэгч" биш бөгөөд энэ нь ташаа мэдээлэл болохыг тодотгож байна. 
 
Н.Гантуяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг