sonin.mn
Энэтхэг-Монголын харилцааг түүхийн цаг хугацааны үечлэл, өв уламжлалаар илэрхийлэн харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Энэтхэг судлалын төвийн тэргүүн, доктор О.Нямдаваа толилуулж байна. 
 
“Чингис хаан, түүний өв залгамж ба Энэтхэг соёл” эрдэм шинжилгээний бага хуралд оролцохоор манай улсад ирж буй 20 эрдэмтэнд зориулан уг үзэсгэлэнг гаргаж байгаа аж. Учир нь манай улсад цөөн хоног саатах эрдэмтдэд Монголын тухай, хоёр орны харилцаа, Чингис хааны тухай нарийн баримтыг үзүүлэхийг зорьсон байна. 
 
“Монгол-Энэтхэгийн эртний хэлхээ холбоо, өнөөгийн харилцаа”, “Чингис хаан түүний өв залгамж”, “Монголчууд болон Энэтхэгийн Монгол гаралтай хүмүүсийн бидэнтэй ижил төсөөтэй зүйл”, “Уламжлалт Энэтхэгийн гар урлал”, “Номын хэсэг” гэсэн таван хэсгээс энэ үзэсгэлэн бүрдэж байгаа юм. 
 
 
“Монгол-Энэтхэгийн эртний хэлхээ холбоо, өнөөгийн харилцаа” хэсэгт хоёр орны хэлхээ холбоо 2200 жилийн түүхтэй гэдгийг илэрхийлж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаан дахь дээд түвшний харилцан айлчлал, түүхэн үйл явдлууд, Монголд нутагшсан Энэтхэг соёлыг гэрэл зургаар илэрхийлэн харуулсан байна. Мөн Чингис хааны дэлхийд хийж бүтээсэн зүйлүүд, тэднээс бидэнд үлдсэн зүйлийг гэрэл зургаар гаргаж тавихыг оролдсон нь анхны алхам болж байгааг доктор О.Нямдаваа хэлж байв. 
 
Цаасан тэмдэгт, морин өртөөний тухай, гадаадынханд монгол хэлээр захидал бичиж байсан тухай, хаадын зарлиг,, Чингис хааны эзэнт улсын Засгийн газрын бүтэц зохион байгуулалт зэргийг дэлгэн харуулж байгаа нь энэтхэгчүүдийн мэлмийг мялаагаад зогсохгүй залуу үеийнхэн, түүхчдэд сонирхолтой баримт болжээ.  
 
Үүнээс гадна Монголчууд болон Энэтхэгийн Монгол гаралтай хүмүүсийн бидэнтэй ижил төсөөтэй зүйл, Энэтхэг-Монголын харилцаа, Энэтхэгийн уламжлалт “Бадари” гар урлал болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тусгасан олон номыг тавьжээ.
Энэтхэг судлалын төвөөс Балбын Монголчууд, Ил хант улс зэрэг дөрвөн үзэсгэлэнг гаргаж байжээ.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг