sonin.mn
Мэргэжлийн орчуулагчдын олон улсын өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын орчуулагч нартаа баярын мэндчилгээ илгээжээ.
 
Уг мэндчилгээнд "Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй үе үеийн орчуулагч эрхэм хүндэт ажилтанууд аа! Та бүхэнд Орчуулгын олон улсын өдрийн халуун мэндийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсдаа төлөөлөн хүргэж буйдаа баяртай байна. Аман болон бичгийн орчуулга хийдэг мэргэжлийн орчуулгын олон улсын өдөр (International Translation Day)-ийг 1991 оноос хойш дэлхий даяараа тэмдэглэж байна.
 
Орчуулагчдын олон улсын холбоо (FIT) жил бүрийн есдүгээр сарын 30-ныг орчуулагчдын мэргэжлийн өдөр болгон тэмдэглэж байх албан ёсны шийдвэрийг анх гаргасан байна. FIT нь 1953 онд Парист байгуулагдсан, өдгөө эгнээндээ 60 гаруй орны 100 гаруй холбоог нэгтгэсэн байгууллага юм. Орчуулгын олон улсын өдөр жил бүр тодорхой сэдвийн дор болдог бөгөөд 2016 онд энэ өдрийг “Аман болон бичгийн орчуулга: Дэлхийг холбохуй (Translation and Interpreting: Connecting Worlds) гэсэн уриаг сонгожээ.
 
Орчуулагч гэдэг үнэхээр олон хэлтнүүдийг хооронд нь ойлголцуулагч, олон соёлыг түгээгч, мөн холбогч, хэлний бэрхшээлтэй дэлхий ертөнцийг нэгтгэгчид юм. Тэр тусмаа хүн төрөлхтний оюуны амин дэм болсон мэдээ мэдээллийг түргэн шуурхай, алдаагүй зөв дамжуулан түгээхэд орчуулагч нарын үүрэг нэн их байдаг билээ. Энэ утгаараа ямар ч улс орны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт мэрэгжлийн орчуулагчид онцгой үүрэг гүйцэтгэж, үлэмжхэн хувь нэмэр оруулдаг.
 
Зуу гаруй жилийн түүхтэй Монголын үндэсний сэтгүүлзүйд ч мэргэжлийн орчуулагч та бүхний гавьяа зүтгэл үлэмжхэн байна, мэдээлэл соллилцооны хурд нэмэгдэж буй өнөө үед та бүхний үүрэг оролцоо улам бүр нэмэгдсээр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын эрхэм орчуулагчдадаа мэргэжлийн баярын тань өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид
2016.09.29.
Улаанбаатар хот