sonin.mn
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
 
Ажлын хэсэг бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц, бололцоог судлах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Нарт эрдэнэс, LUX мед, Интермед, Агапе, UB мед, Эрин, ICU зэрэг хувийн хэвшлийн байгууллагаар үйлчлүүлж байгаа ард иргэдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өгөв.
 
Улсын хэмжээнд гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагад  34 гемодиализийн аппаратаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
 
Энэ үеэр дэд сайд Л.Бямбасүрэн олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл бүрдүүлж, шинэ технологи нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдүүлэхэд санаачилгатай хандсан хувийн эмнэлгүүдэд талархаж буйгаа илэрхийллээ. Цаашид төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд нэгдсэн зорилготой хамтарч ажиллах нь зүйтэйг уулзалтын төгсгөлд онцолсон юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг