sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Оросын иргэний эзэмшилд байдаг серверээс  6 дугаар сард Ардчилсан намын Үндэсний хорооны архивт хакер халдлага үйлдсэн  болохыг кибер аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаа явуулдаг Америкийн ThreatConnect компани илрүүлжээ.
 
ОХУ-ын Алтайн хязгаарын Бийск хотод амьдардаг 26 настай бизнес эрхлэгч Владимир Фоменко-гийн серверээс хакерчид халдлага үйлдсэн байна. Энэ орос залуу King Servers  гэдэг программ хангамжийн хувийн компанитай аж.
 
Нью-Йорк таймс сонинд гарсан дээрх мэдээллийн тухайд Фоменко хэлэхдээ, Америкийн Иллинойс болон Аризона муж улсуудад байдаг өөрийнх нь серверүүдээс халдлага үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч хакерчдын үйлдлийн талаар “юу ч мэдэхгүй” гэжээ.
“Хэрвээ Холбооны мөрдөх товчоо хүсэлт гаргавал, манай хэрэглэгчдийн  IP хаяг, интернэт-протокол болон бусад мэдээллийг тус товчоонд гаргаж өгөхөд бэлэн. Гэтэл хэн ч ийм хүсэлт гаргахгүй байна. Энэ нь харин эргэлзээ төрүүлж байна” гэж Фоменко ярьжээ.
 
Сануулан дурдахад, WikiLeaks байгууллагын цахим хуудсанд Ардчилсан намын гишүүдийн хоорондоо солилцож байсан захидлууд нийтлэгдсэний дараа тус намын  Үндэсний хорооны компьютерт хакерчид халдсан тухай дуулиан дэгдсэн юм. Хакерууд Ардчилсан намын 100 гаруй албан тушаалтнуудын цахим шуудангийн аккаунтыг эвдэн нэвтэрсэн байна.  
 
Энэ хэрэгт Оросын хакерууд холбоотой гэж Ардчилсан намын удирдлага мэдэгдэж байсан юм. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Клинтон хэдхэн хоногийн өмнө болсон халз мэтгэлзээний үеэр Оросын хакеруудын талаар ярьсан байна.
 
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг