sonin.mn
СӨҮЛ./TASS/. АНУ болон Европын Холбоо /ЕХ/ хамтран банк хоорондын гүйлгээний SWIFT системээс Умард Солонгосыг гаргах боломжийг судалж байна гэж Өмнөд Солонгосын телевизийн KBS суваг өнөөдөр мэдээллээ.
 
“Энэ сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэн Умард Солонгост эдийн засгийн шахалт үзүүлэх үүднээс дээрх боломжийг Вашингтон, Брюссель хоёр хэлэлцэж байна” гэж тус сувгийн мэдээнд дурджээ.
 
SWIFT-ийн сүлжээнээс Умард Солонгосыг гаргаснаар экспортолж буй нүүрснийх нь төлбөрийн мөнгө болон гадаадад ажиллаж буй иргэдээс нь эх орон руугаа хийж буй мөнгөн гуйвуулгыг илүү үр дүнтэй хянах боломжтой болох ажээ. Эдгээр мөнгийг умардынхан цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд ашиглаж байж магадгүй гэж барууныхан хардаж байгаа юм. 
 
209 орны 9 мянга гаруй банкийг эгнээндээ нэгтгэсэн банк хоорондын төлбөр тооцооны SWIFT сүлжээ нь 1973 онд байгуулагдсан бөгөөд Брюссель хотод байрладаг учраас үйл ажиллагаа нь Бельгийн хуулиар зохицуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, Европын Холбооноос гаргасан шийдвэрт захирагдана гэсэн үг.   
Өмнө нь 2012 оны 3 дугаар сард ЕХ-ноос Ираны банкуудад дээрх сүлжээгээр дамжуулан үйлчилгээ үзүүлэхийг хориглож байсан ажээ.
 
Түүнчлэн хориг арга хэмжээний хүрээнд  ОХУ-ыг тус сүлжээнээс гаргах талаар барууны хэд хэдэн улс санал дэвшүүлж байсан боловч компанийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байв.
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг