sonin.mn
ОМБОЛ ХХК-аас нийгмийн хариуцлагаа ухамсарлан элэгний С вирусыг устгах, хямд үнэтэй "Хефцинат ЛП" эмийг оруулж ирсэн байна.
 
Эмийн талаар мэдээллийг ОМБОЛ ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр, Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвийн /ЭЭМҮТ/ менежер С.Аюурбуниа нар өнөөдөр мэдээлэл хийв. Энэхүү эм нь элэгний С вирусыг устгах зориулалттай Харвони эмтэй ижил найрлага, үйлчилгээтэй бөгөөд тус эмийг үйлдвэрлэгч Гилеад Сайнс компаний тусгай зөвшөөрлөөр Энэтхэг улсын Натко парма лимитед компанид үйлдвэрлэжээ.
ОМБОЛ ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр “Манай компани “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд Харвони эмийг оруулж ирж байсан. Энэхүү эмийн сарын хэрэглээг одоогоор 300 доллар болгоод байна.
 
С вирустэй олон хүнд эмийн хүрэлцээг хүртээмжтэй байлгахын тулд энэхүү эмийг оруулж ирж байна. Эмийн хувьд хэрэглэх хугацаа Харвонитай адил 3-6 сар, үнийн хувьд 150 ам.доллар. "Хефцинат ЛП" эмийг 6 сар хэрэглэх хүмүүст сүүлийн нэг сарын хэрэглээг нь үнэгүй олгоно” гэв.
 
ЭЭМҮТ-ийн менежер С.Аюурбуниа “Манай төвөөс элэгний В,С вирусын халдвараас хэрхэн сэргийлэх, халдварласан тохиолдолд хаана эмчлүүлэх зэрэг зөвлөгөө өгдөг. Элэгний С вирусыг эмчлэхэд удаа дараагийн шинжилгээ, эмчилгээнд зардал их ордог. Мөнгөний боломжгүйгээс болоод эмчлүүлж чадахгүй байгаа хүмүүст "Хас банк" сарын 1,2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2-4 сая төгрөгийн зээл олгохоор болсон. Одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотын болон Дундговь аймгийн Хас банкуудаар зээл олгож байгаа” гэв.
 
 
ХӨСҮТ-өөс гаргасан судалгаанд Монгол Улсад 340 мянга гаруй В,С вирусын халдвартай хүмүүс байдаг байна. Эмийг маргаашнаас эхлэн нэр заасан эмийн сангуудаар худалдаална.  
 
Г.Даваамаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг