sonin.mn
НАМРЫН ТЭНГЭР ТЭР БҮР ИВЛЭХ ШИГ БОЛЖ НАР, ХУР ЗЭРЭГЦЭХ ӨДӨР ХОВОРХОН...ТЭГВЭЛ ӨНӨӨДӨР ТИЙМ ӨДӨР БАЙЛАА! Өнөөдөр "АЗ ХУР" номын их дэлгүүрт зохиолч, орчуулагч, түүхч Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийн " ТЭНГРИ " нэрт шинэ номын хурим боллоо.
 
Түүний энэ шилмэл бүтээлд "Судага" , "Тэнгри" тэргүүт 23 өгүүллэг, "Тэнгэрийн зарлиг" , "Дээдсийн ерөөл ", "Хан сэнтий" тэргүүт гурван тууж, У.Шекспирийн 15 сонет хийгээд А.С.Пушкины уянгын шүлгийн орчуулга багтжээ.

Номын нээлтэд түүний хадаг барьсан гарын багш Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, яруу найрагч С.Дулам, МСГЗ, доктор, шүүмжлэгч, зохиолч До. Цэнджав, МУСГЗ, зохиолч Д.Жамьян, МУСГЗ, зохиолч Б.Галаарид нарын тэргүүт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид, гэр бүлийнхэн оролцож, сэтгэлийн үгсээ дээжлэн хадаг, цэцэг, номоо хамтатган бэлэглэж байлаа.

Номын багш С.Дулам " 1980 оны сүүл, 1990 оны эхэн үеийн цагийн цавиргаан, төрийн төвөргөөн болж байхад надад ирж хадаг барьсан шавь нарын минь нэг нь Монгол судлалын суурийг тавьсан Оросын Казанийн Их сургуульд уран зохиол судлалаар мэргэшээд ирсэн Д.Гүн-Үйлс билээ. Анхны минитюр зураг шиг өгүүллэгээсээ эхлээд шинэ сэтгэмж, урлахуйтай, байсан тэр өдгөө хүртэл ааш зангаа хувиргаж, ажил үйлсээ сулруулсангүй. Ааваасаа залгамжилсан "Хаадын сан"-ы буянт үйл эрхлэхийн хажуугаар орчуулга, Монголын Утга зохиол судлалын төвөөр дамжуулж олон ном бүтээл хэвлэж олондоо түгээсээр явна.

Бүтээн туурвих, шинийг эрэн хайхын одонд төрсөн шавийн маань номноос "олон ертөнцийн сүлэлдээн" нийлэн нэгдсэнийг уншигчид мэдрэх болно" гэж үнэлэв.
До.Цэнджав "Гүн-Үйлс бол их олон талтай хүн. Түүхэн судлал, хэл шинжлэл, уран зохиол зэрэг олон салбарт хүч үзэж яваа. Олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэж үг бий. Энэ бол атаархсан л үг юм шүү. Хүн ерөөсөө чадаж л байвал дөрвөн мөчөөрөө балбан бүтээж байх ёстой юм. Дүүдээ амжилт хүсье, чамд их ирээдүй бий, цус шингэн байна, зүтгээд бай" хэмээн ерөөв.

Залуу халуун нас, заамныхаа товчийг задгайлан явахаасаа үерхэн нөхөрлөж уран бүтээлээ ууж идэхийн донд бугуйлдан аархахаас мэдэх сайн нөхрийнхөө өдий хүрэхэд нь түүний аав " ХААДЫН САН" санаачилж хамтран уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцаж явсан Дугарсүрэн агсан, МЗЭ-ийн даргын туслахаас эхэлж уран зохиолын ертөнцийн амт шимтийг мэдрүүлсэн ээж Даваахүү болон унаж тусч, сэргэж босохын агшин бүрт хань болон түшиж яваа Тэгшжаргал, үр хүүхдийнх нь тус дэмээр л энэхүү " Тэнгри" бойжсоныг дурдахгүй байх аргагүй.
Тиймээс ч түүний номыг тэнгэр эрхшээж ирсэн бүтээл гэж үзмүй.
Эрхэм нөхөртөө ч номынх нь хуримд зориулан ийн шившив.
 
... Тэнгри гэж хүүтэй болсон
Тэнгэрлэг найздаа баярлав
Тэр хүү харин
Тэгшээ бүсгүйгээс гарав уу...?
Гүн тэнгэрээс нисч ирээд
Гүнээ хүүгээс гарав уу...?
Тэр яахав ээ...хөө
Тэнгэрээс шар туяа татуулж ирэхэд нь
Тэвэрч өлгийдсөн нь
Тэгшээ бүсгүй байх...
Тэнцүүлж хөлд оруулж босгосон нь
Гүнээ хүү байх...
Тэвэрч дундаа өсгөсөн нь
Тэнцүү хайрын хүч байх...!
Хайрын дундаас чинь төрсөн
Халуухан хүү Тэнгри байх...!
Хаадын санг залгамжлах хөвүүн
Харсаар байтал Тэнгри байх нь ээ...! гэх сэтгэлийн хадаг барив.
Өнөөдрийн хуртай, нартай тэнгэр дор уулзсан найз нөхөд нь ч бас л ийм л сэтгэл өвөрлөн баясаж байнам бөлгөө...
 
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан