sonin.mn
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийнхан бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлээд өчигдөр эх орондоо ирлээ.
 
Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийн сахиулагчдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан болон манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матью Кент нар угтан авсан юм. Цэргийн багийн захирагч, дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ “Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан” тухайгаа угтан авсан удирдлагууддаа илтгэсэн. Энэхүү ажиллагаагаар энхийг сахиулах үйлсэд анх удаа оролцсон дэд ахлагч Т.Буяндэлгэр туршлага хуримтлуулаад ирсэн бол дөрөв дэх удаагаа оролцсон хошууч Э.Сэрээтэр ур чадвараа улам нэмэгдүүлээд иржээ.
Тэд бүгдээрээ эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Сэтгэгдлээс нь хуваалцлаа.Цэргийн багийн захирагч,
дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ:
 
 -Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ амжилттай гүйцэтгээд элэг бүтэн эх орондоо ирлээ. Афганистанд цагийн байдал тогтворгүй байсан ч бид үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэндээ баяртай байна. Хэдийгээр гүйцэтгэх хугацаа сунгагдаж ажилласан ч манай цэргийн алба хаагчид бэлтгэлтэй байсан. Манай энхийн сахиулагчдын 80 орчим өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай байгаа. Нэг цул хамт олон болж, нэгнээ дэмжин тэтгэж ажилласан, үүрэг даалгавар бүрээ амжилттай биелүүлсэн залуусдаа энэ завшааныг ашиглаад талархлаа илэрхийлмээр байна. Цэргийн багийн орлогч дарга, хошууч Э.Сэрээтэр :
 
-Ажиллагааны газар орон тийм ч тогтвортой байсангүй. Ялангуяа, дулааны улирал эхлэхээр цагийн байдал хүндэрч байсан. Тэр бүхэнд сонор сэрэмжээ алдалгүй оновчтой зөв шийдвэр гаргаж, хамгаалалтын үүргээ амжилттай гүйцэтгэж ажиллалаа. Багийн захирагч маань бүрэлдэхүүнээ удирдан ажиллахдаа сайн байсныг онцлох ёстой байх. Миний хувьд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд дөрөв дэх удаагаа оролцож байна. Өөр нэг дуулгах сайхан мэдээ гэвэл үүрэг гүйцэтгэж байхад эхнэр маань амаржиж бүл нэмсэн байгаа. Ажиллагааны хугацаанд манай цэргийн багаас есөн цэргийн алба хаагч шинэ хүнтэй боллоо. Одоо гэр бүл, ах дүүс, найз нөхөд, хамт олонтойгоо уулзах гэж байгаадаа баяртай байна.
 
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахмад Н.Пүрэвдорж:
 
-Салааны захирагчаар ажиллалаа. Манай салаа гар нийлэмжтэй байж, хүлээсэн үүрэг бүрээ амжилттай биелүүлсэн байгаа. Миний хувьд гурав дахь ажиллагаа байлаа. Монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөхийн төлөө, Монгол Улс түүхэн үеэсээ дайчин эрстэй юм шүү гэдгийг батлахын төлөө манай цэргийн баг хичээж ажилласан. Хичээл зүтгэл маань ч амжилттай боллоо. Сэтгэгдэл өндөр байна.
 
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахмад Д.Цэнд:
 
-Эх орондоо ирсэн чинь намрын урь орчихсон сайхан байна шүү. Бид анх ийм цаг үед эх орон, Зэвсэгт хүчнээсээ үүрэг аваад нисч байлаа. Харин өнөөдөр тэр үүргээ биелүүлчихээд ирж байгаадаа баяртай байна. Одоо гэр бүлийнхэнтэйгээ уулзах гээд сэтгэл их хөдөлж байна даа. Гэр бүлээ их саналаа” гэсэн юм. 
Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн дайчдыг маргааш буюу энэ баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардуулах юм.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг