sonin.mn
НЬЮ-ЙОРК. /VOA/. “Uber”, “Lyft” зэрэг уламжлалт бус такси үйлчилгээний компаниуд хямд үнэ, программд суурилсан дуудах үйлчилгээ, нөхөрсөг жолооч нар болон шинэ машинтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь хуучны таксинуудад хүндхэн цохилт болжээ.
 
Харин одоо зарим уламжлалт хуучны такси компаниуд өндөр технологи ашигладаг эдгээр компаниудтай өрсөлдөж зах зээлд эзлэх байр сууриа эргүүлэн авахаар оролдож байна. Үүний тулд эдгээр компаниуд "Верифон" системээс туслалцаа авч байгаа ажээ.
 
Хугацаа нь хэтэрсэн хэмжигч болон мэдрэгч дэлгэцтэй, уйтгартай зар сурталчилгаа болон клип үзүүлдэг хуучны таксинуудыг утасгүй интернэт бүхий сүүлийн үеийн загварын таксинуудтай зүйрлэхийн аргагүй болсон гэдгийг олж харсан “Верифон” компани уламжлалт таксинуудыг орчин үеийн технологиор тоноглохоор болжээ.
Энэ он дуусахаас өмнө тус компаниас АНУ-ын хэдэн арван мянган таксинд 25 см-ын хэмжээтэй мэдрэгч бүхий дэлгэцийг угсарна. 
 
Эдгээр таксинд суусан хүмүүс дуртай хөгжим, нэвтрүүлгээ сонсч, бичлэг үзэж, ном уншингаа гар утсаа цэнэглэх боломжтой. Тэд мөн утасгүй интернэтийг төлбөргүйгээр ашиглана.
 
Аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр таксинуудад хяналтын камер болон сандарсан үед дарах товчлуур зэргийг суулгасан аж.
Эдгээр шинэ төхөөрөмжүүдийг Америкийн хэд хэдэн хотод туршсан байна.
 
Х.Сарнай
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг