sonin.mn
ИЕРУСАЛИМ. /Xinhua/. Орон нутгийн цагаар өнөөдөр болох Израилийн Ерөнхийлөгч агсан Шимон Перестэй салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцох гадаадын төлөөлөгчдийн дунд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас байна.
 
М.Аббас энэ ёслолд оролцож байгаа нь сүүлийн зургаан жилийн хугацаанд Израильд анх удаа ирж байгаа хэрэг юм. 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, одоогийн Ерөнхийлөгч Барак Обама болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нарын зэрэг гадаадын орнуудын төр, засгийн газрын тэргүүн нар Ш.Перестэй салах ёс гүйцэтгэх ёслолд оролцоно.
 
Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоох үйл хэрэгт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан Б.Клинтон өчигдөр Иерусалим хотод очжээ. Израилийн парламентын ордны өмнө байрлуулсан Ш.Пересийн шарилд тэрбээр хүндэтгэл үзүүлсэн байна.
 
1993 онд Ослогийн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахад Гадаадын хэргийн сайдын хувиар Ш.Пересийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн түүнд Нобелийн Энх тайвны шагнал олгож байв.
 
Тэрбээр 2007 онд ерөнхийлөгч болсныхоо дараа ч еврейчүүд, арабчууд хоорондоо энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалж байжээ. Харамсалтай нь тэрбээр бүс нутагт энх тайван байдал тогтохыг харж чадалгүйгээр энэ долоо хоногийн лхагва гарагт 93 насандаа таалал төгссөн юм. 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг