sonin.mn
ИСЛАМАБАД. /Xinhua/. Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Пакистаны хяналтанд байдаг хэсэг рүү Энэтхэгийн цэргүүд гал нээн хоёр цэргийг хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан Исламабад хотод суугаа Энэтхэгийн төлөөлөгч Гаутам Бамбавале-г Пакистаны ГХЯ пүрэв гарагт дуудан ирүүлж, эсэргүүцэл илэрхийллээ.
 
Пакистаны Гадаад хэргийн сайд Айзаз Чаудхри Энэтхэгийн төлөөлөгчид эсэргүүцлийн нот бичиг гардуулж, хилийн шугамыг даван гал нээснийг эрс зэмлэн буруушаасан байна.
 
Хилийн хяналтын бүсэд гал зогсоох тухай хэлэлцээрийг зөрчсөн цэргүүдэд арга хэмжээ авахыг Энэтхэгийн эрх баригчдаас Пакистан улс шаарджээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагт шилжих шөнийн 2:30 цагаас эхлэн үүрийн 6:30 цаг хүртэл Энэтхэгийн цэргүүд Кашмир дахь хилийн маргаантай бүсийн Пакистаны хяналтанд байдаг хэсэгт тусгай ажиллагаа явуулах үедээ Пакистан хоёр цэргийг хөнөөжээ.
 
Есдүгээр сарын 18-нд Кашмир дахь Энэтхэгийн талын хяналтанд байдаг хэсэгт байрладаг армийн баазад Энэтхэгийн 18 цэргийн аминд хүрсэн халдлага болсны дараа хоёр улсын харилцаа төвөгтэй болж эхэлсэн юм. Уг халдлагыг Пакистаны хэт давруу үзэлтнүүд үйлдсэн гэж Энэтхэгийн тал үзэж, босогчдод чөлөөтэй нэвтрэх боломж олгосон хэмээн Пакистаны засгийн газрыг буруушааж байгаа билээ.
 
Харин Пакистаны тал үүнийг “ор үндэсгүй гүтгэлэг” хэмээн эрс няцааж байгаа юм.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг